Монголын рок поп хөгжмийн урлагт өөрийн авъяас билиг, амьдрал уран бүтээлээ зориулан 20 гаруй жил зүтгэсэн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиуны анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо түмэн олондоо хүргэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дуу хөгжмийн шинэ зохиол бичиж, хөгжмийн найруулгын ажлыг гүйцэтгэж, тайзны болон томоохон хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулан хамтлаг, дуучдын продюсэрээр ажилласаар байгаа тэрээр энэ удаад өөрийн бие даасан тоглолтоо 11-р сарын 13,14-нд хийхээр болсон байна.

Уран бүтээлийн анхны тайлан тоглолт гэдэг утгаараа “Халиуны ертөнц” GREATEST HITS LiVE хэмээн нэрийдэн тодотгож, өөрийн зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдээ толилуулж, дотоод ертөнцөө үзэгч, сонсогчиддоо шинээр нээх нь ээ. Харин тоглолтоосоо өмнө өөрийн хамгийн сүүлд зохиосон шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгосон бөгөөд Н.Халиуны хөгжим, зохиолч Д.Төрмөнхийн шүлэг “Хайр хөглөх дуу”-г МУГЖ Х.Лхагвасүрэн, МУУГЗ Ц.Чулуунбат, МУГЖ Б.Дашдондог, “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан нарын сонирхолтой дуучид хамтран дуулжээ.

Ингээд хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиуны анхны “Халиуны ертөнц” GREATEST HITS LiVE хэмээн уран бүтээлийн тайлан тоглолтоор уулзацгаая.


www.URLAG.mn