Өчигдөр “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн зарим удирдлагыг хуралд нь оруулалгүй цагдаа нар албадан авч явсан байна. Тодруулбал Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас тэднийг байцаалт өг хэмээн аваад гарчээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар өнгөрсөн сард автобусны компаниудтай учир зүйгээ олж чадаагүй учир уг асуудлыг шийдвэрлэхийн тулд “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийнхан өөрсдийн байрандаа өдөр болгон шахуу хурал зарладаг болсон юм байна. Өчигдөр мөн л шуурхай хуралдах гэж байхад ийн цагдаа нар авч явжээ.

Мөн “Улаанбаатар смарт Карт” ХХК нийтийн тээврийн орлогын мөнгийг угаагаад байна гэх хардлага олон нийтийн дунд бий. Үүнээс гадна Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг хэлэхдээ ямартай ч “Улаанбаатар смарт карт” компани тендерт шалгараагүй гэдгийг мэднэ гэж байсан юм. Уг нь автобусны цахим карт уншигч төхөөрөмжийн тендэрт анх “Дата карт консерциум” гэж компани шалгарсан байна. Өөрөөр хэлбэл “Улаанбаатар смарт карт" компанитай өрсөлдсөн монгол залуу төхөөрөмжөө 1.100.000 төгрөгөөр нийлүүлье гэсэн санал тавьсан бөгөөд тооцоогоо авахдаа автобус компаниудын олсон орлогоос нэг хувийг нь л авахад болно гэх санал тавьсан ч хотын удирдлагуудад энэ нь таалагдаагүй гэдэг.

Автобусанд суурилуулсан карт уншигч төхөөрөмжийн үндсэн үнэ нь 1800 ам.доллар байхад уг төслийг хэрэгжүүлэгч ‘‘Улаанбаатар смарт карт” компани нэг бүрийн үнэ дээр 3000 ам.доллар нэмж 4800 ам.доллараар суурилуулсан байдаг юм. Тендерээсээ эхлээд л будилсан тэдний бизнес хэр шударга болохыг цаг хугацаа харуулах бизээ. Ямартай ч тус компанийн удирдлагуудыг цагдаагийнхан шалгаад эхэлчихсэн юм байна.

Н.Ганчимэг