Бүхнийг   Чингисээр   нэрий­дэх хийрхэл үргэлжилсээр. Үүний цаана улс төр, эдийн засгийн аюулгүй байдлын хувьд Монгол Улс үнэхээр “цээжээ дэлдэх” хэмжээнд байж чадаж байгаа билүү гэсэн эргэлзээ төрж байна. “Саусгоби сэндс”-ийн захир­лаар монгол хүнийг томиллоо гэсэн баярт мэдээг өнгөрсөн долоо хоногт мэдээлж бай­сан. Тэрхүү шинэ захирал нь “Ньюком” группийн охин компанийн СЕО асан С.Энх-Амгалан аж. Дашрамд дурьдахад “Ньюком”-ийн захирал асан М.Болд “Ал­тандорнод Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард “Рио Тинто”-ийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.

Мөн ч хол “үсэрсэн” байгаа биз. Үүнд олон монгол хүн баярлаж байгаа. Ямартай ч “Ньюком”-ын ноёд уул уурхайн салбарын хамгийн ашигтай цэгүүдэд амжилттай “байршиж” байна. Үүнийг “Чалко”-оос хараат бус байхын төлөөх монгол төрийн хар хайрцагны бодлого гэж хэлж болох талтай. Учир нь Монголын урдаа барьдаг мэдлэг боловсролтой, чадварлаг менежерүүд дэлхийн томоохон компаниудад хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь сайн хэрэг.

М.Болдын хувьд АНУ-ын JP Morgan  банкинд олон жил ажилласан санхүүгийн шилдэг зөв­лөхүүдийн нэг. Тэрбээр Монголын банкуудын холбооны ерөнхийлөгчgөөр ажиллаж байсан бөгөөд манай эдийн засагт түүний үгэнд итгэх хүн цөөнгүй бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүйгээр хөгжих, эдийн засгаа тэлэхэд бэрх гэдгийг байнга сануулж байдаг тэрбээр Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн зургаадугаар сард батлагдсаны дараа байр сууриа илэрхийлсэн нь олон хүнний анхаарлыг татдаг.

Учир нь М.Болд “Саусгоби Сэндс”  компанийн хувьцааг “Чалко” худалдан авах гэж байсантай холбоотойгоор уг хуулийг баталсан. Гэтэл энэ нь эцэстээ гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоочихсон. Гадаадын биржүүдийг хянаж чадахгүй учраас өмнө нь хөрөнгөө төвлөрүүлж хувьцаагаа гадагш гаргасан тэр компаниудыг яаж хянах юм бэ. Монголын эдийн засгийн хэмжээнээс 3-4 дахин их мөнгө орж ирэх замыг яаж хааж чадав аа” хэмээн ярьж байв.

Түүнийг ийнхүү ярьснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж буй. Наанадаж Монголын ард түмнийг итгэл алдрахад хүргээд байгаа байдалд анализ хийж монгол захирлуудыг томилж эхлэв. Ингэснээр гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг “дайсан” мэт үзэх хандлага “зөөлрөх” биз ээ.

Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг хоёр талтай авч үзэх, уян хатан хандахаар аргагүй байгаа юм. Манайх шиг жижиг эдийн засагт “тоож” мөнгө хийж буй хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн тогтворгүй орчноос шалтгаалан хөрөнгөө татчихаар эдийн засаг маань “сөхөрчих” гээд байдаг. Нөгөөтэйгүүр сүүлийн арав гаруй жилийн турш Чингис гэдэг нэрээс өөрөөр бараг танихгүй Монголд хөрөнгө оруулалт хийдэг болгох гэж үсээ цайлгасан хэдэн нөхрийн ажлын үр дүнг бас бодууштай. Хөрөнгө оруулалтын орчноор тоглох нь үнэн хэрэгтээ бид идэх гэж буй талхаа өшиглөж тоглосноос өөрцгүй билээ.

Гэтэл “Чалко” мэтийн хэт даврагсад хамтран ажиллах бус Монгол орныг залгичих гээд байгааг яалтай вэ. Тэр ч байтугай манай улстөрчдийн дунд энэ ажиллагаанд нь оролцож хөлждөг хэсэг бас байна. Тийм ч учраас Хятадын нэг компаниас хамааралтай орон болгочихоод байсан алдааг одоо засах гэж тамаа цайж байгаа билээ. Энэ бүхнээс харахад “Чалкогүйгээр хөгжих эдийн засгийн замнал”-ыг дэмжигсэд, эсэргүүцэгчид гэсэн туйлшрал үүсээд байна уу даа гэж харагддаг. Тэр тусмаа монгол төрийн төлөө “чөмгөө дундартал” зүтгэдэг гэх имижийг бүрдүүлсэн эх орончид “Чингисжүүлэнгээ Чалкожуулах” гээд байдаг нь бүр ч аюултай. Ямартай ч өнөөдөр “Чалко”-гоос хараат бус эдийн засгийн төлөө яваад “үзэх” нь бидний үр хойчид илүү хэрэгтэй биз ээ. Тиймээс “Ньюком”-ын чадварлаг монгол менежерүүдийг “дайсан” мэт үзэх хэрэггүй болов уу.

 

У.Оргилмаа