“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ.

"Дугуйн марафон” өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанд гарч Энхтайваны гүүр – 120 мянгат - Зайсан – Их тэнгэр – Маршалын гүүр – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн чиглэлээр нийт 8 км-ийн зам туулж барианд ирэхээр гараанаас хөдөллөө.

Марафонд оролцсон бүх оролцогчдод батламж олгох юм. Сонирхогчдын дугуйн тэмцээн болон Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнд нас тус бүрт эмэгтэй, эрэгтэй төрөлд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулах аж.

Мөн “EXTREME Trial”-ын үзүүлбэрийн тэмцээнд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна гэж зохион байгуулагчдын зүгээс онцлолоо.