“Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярт анхан шатны шүүхээс 22 жилийн ял оноосон бол давж заалдах шатны шүүхээр ороод түүний ялыг 7 жил болгон өөрчилсөн байдаг.

Ингээд тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын хорих ангид ял эдэлж байсан юм. Харин тэрбээр энэ удаагийн өршөөлийн хуульд хамрагдсан учир өчигдөр Хархориноос ирж, Зайсан дахь хорих ангиар дамжин суллагдсан байна. Тэрбээр энэ үеэрээ ингэж ярьлаа “Би гэмт хэрэг үйлдээгүй. Сайнтай муутай, сав дүүрдэг хорвоо гэж яахав дээ, хэлсээр хоёр жилийг шоронд өнөрүүлчихлээ. Тэнд байхад олон л юм бодогдох юм. Эрх чөлөөтэй хүний бодож чадахгүй зүйлийг ч бодлоо. Ямар ч байсан төөрөлдсөн Монголоо төөрөгдлөөс нь гаргана. Зөв сайхан Монгол болгоё гэж бодож байна. Угаасаа захиалгаар яллах гэдэг нэг нарийн техник байдаг юм байна.

Хөндлөнгөөс хараад, хэлээд амархан ойлгочихооргүй төвөгтэй асуудал. Энэ талаар би нарийн мэдээлэл хэвлэлийнхэнд өгнө. Би тэсрэх бөмбөг тавьсан нь үнэн. Гэхдээ бүх эрсдэлийг тооцоолоод, ямарч аюулгүй нөхцөлд тавьсан. Мөн миний нэр төр нэхэмжилсэн шүүх хурал долоо хоногийн дараа болно” гэв.

Н.Ганаа