Энэ бол Верона хот. Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж цусан өсөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Хорсол өвөрлөсөн хоёр гэр бүлийн хүүхдүүд болох Ромео Жульетта хоёр нэг нэгэндээ дурлах болно. Энэ бол Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг юм. Манай улс энэ жүжгийг гурав дахь удаагаа үзэгчиддээ толилуулхад бэлэн болжээ.

Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний хайр дурлалын билэг тэмдэг болон мөнхөрсөн алдарт энэ бүтээлийг шинэ зуунд шинэ өнгө төрх, утга агуулгаар баяжуулж, уран бүтээлчдийнхээ уран сэтгэмж, өгүүлэмжээр дамжуулан үзэгч олондоо энэ сарын 12-ноос УДЭТ-ын хамт олон хүргэх ажээ.

Энэхүү шинэлэг өнгө төрхийг илэрхийлсэн сонгодог жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулсан юм. Тэрбээр “Аливаа уран бүтээлийг цоо шинээр хийх бол нэг асуудал. Ямар нэгэн жиших зүйрлэх зүйлгүй учраас нээрээ л ийм болов уу гэсэн ойлголтыг үзэгчдэд өгдөг. Харин нэг, хоёр, гурав дахиа үзэгчдийн хүртээл болох гэж байгаа уран бүтээлийг хийхэд их түвэгтэй. Яагаад вэ гэхээр 1996 онд “Ромео Жульетта” жүжгийг үзэж байсан хүмүүс өнөөдөр жүжгийг тавилтыг жишиж, харьцуулах зүйл гарна. Ийм учраас манай баг их хүндрэлтэй ажиллалаа. Орчин цагт сонгодог уран бүтээлийг ямар хандлагаар, ямар өнцгөөр, ямар үзэмжээр үзэж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс энэ удаад авангард, пост модерн урсгал чиглэлээр тавьж байгаа” гэлээ.

Жүжиг тоглогдох 12-21 өдрүүдэд хайр дурлалын сэдэвт уран зураг, баримлалын үзэсгэлэн гарах бөгөөд таалагдсан бүтээлээ худалдаж авах боломжтой. Мөн “Ромео Жульетта” жүжгийн дүрүүдийн зурагтай хос футболка, хос тэмдэглэлийн дэвтэр зэрэг бүтээгдэхүүнийг борлуулна.

Уг жүжгийн гол дүрүүдэд Ромеод Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн нар тоглож байгаа билээ.

 

-Б.Шинэбаяр: Урьд урдын Ромеог давтах биш шинэ зүйл гаргахыг найруулагч хүсэж байгаа-

УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа.

-Таны хувьд ямар багшийн удирдлага дор сургуулиа төгссөн бэ?

-СУИС-ийг 2013 онд Дэмидбаатар багшийнхаа удирдлаган дор төгсөөд УДЭТ ороод анхныхаа сонгодог жүжигт гол дүр бүтээж байгаадаа баяртай байна. Урьд урьдын жүжгүүдийг бодвол шинэ тавилтаараа өөр юм.

-Дүр амилуулах тухайд найруулагч таниас юу хүсч нэхэж байна вэ?

-Урьд урдын Ромеог давтах биш шинэ зүйл гаргахыг найруулагч хүсэж байгаа. Найруулагчийнхаа итгэлийг алдахгүй сайн тоглоно доо. Сургуулилтын явцад дүрдээ ажиллаж дүр гаргахын тулд хичээж байна.

-Орчин үеийн залуус энэ жүжгээс юуг ойлгож аваасай хэмээн бодож байна вэ?

-Өнгөрсөн одоо ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээст хайр гэдэг зүйл хэзээ ч алдрахгүйгээр мөнх байдаг. Энэ жүжгэн дээр хайр дурлал гарна. Мэдээж эргэн тойрны дүрүүд нь өнөө цагийн нийгмийн илтгэх өнгө төрхийг шигтгэж өгч байгаагаараа онцлог.

-Таныг “Аав” уран сайхны гол дүрээр үзэгчид андахгүй болсон байх. Уран сайхны кинонд тоглох сонгодог жүжигт тоглох хоёр юугаараа онцлог байна вэ?

-Кинон дээр камерийн өмнө гараад жүжиглээд алдах юм бол дахин зураг авч болдог. Гэтэл театр бол амьд урлагийн талбар болохоор алдах эрх байхгүй. Үзэгчдэд илүү дуу хоолойгоороо бие хөдлөлөөр дүрээ гаргадаг учраас хариуцлага маш их байдаг.

-О.Дөлгөөн: Сонгодог жүжигт гол дүр бүтээсэн бол театрын жүжигчин болдог гэсэн-

Жульеттагийн дүрд тоглож буй жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Сонгодог жүжигт тоглох болсонд таньд баяр хүргэж байна?

-Баярлалаа. Баярлахаасаа илүү айж байна. Гурван цаг үргэлжлэх уг жүжигт Ромео бид хоёр тайзнаас буухгүй учраас бид хоёроос бүх зүйл шалтгаална. Иймээс хариуцлагатай байж, өөртөө байгаа бүх зүйлээ харуулах болно.

-Өмнөх Жульеттагаас юугаараа онцлог гэж өөрийнхөө дүрийг харж байна вэ. Ямар зүйлийг товойлгон харуулахыг зорьж байгаа вэ?

-Ромео, Жульетта хоёр маань 14, 15 настай хүүхдүүд. Мэдээж 14 настай гэнэ цайлган, эрх танх, гэнэн Жульеттаг харуулахыг зорьж байгаа. Мэдээж 14 настай хүүхдээс бодлогүй үйлдэл гарах нь бий. Бид гомдлоо дотогшоо цоожилдог бол тэдний сэтгэл хөдлөл ил байдаг.

-Энэ удаагийн жүжигт биений хөдөлгөөнийг харуулсан бүжиг түлхүү байгаа гэсэн. Таны хувьд энэ зүйлд хэр суралцаж байна вэ?

-Өөрийнхөө дотоод сэтгэл биеийнхээ үйлдлийг хослуулж бүжиг хийж байгаа. Иймээс бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн.

-Таны хувьд хэд дэхь жүжигтээ тоглож байна вэ?

-Сонгодог жүжгийн хувьд анхны дүр маань Жульетта байгаа. Жүжгийн хувьд Мөрөөдлийн театрт байхдаа дөрвөн тайзны дүрд тоглож байсан.

-Таньд энэ жүжигт тоглох санал тавьсан уу?

-Шалгаруулалт зарласны дагуу шалгарсан байгаа. Одоохондоо бол театрын студын жүжигчин гэсэн харьяанд ажиллаж байна. Сонгодог жүжигт гол дүр бүтээсэн бол театрын жүжигчин болдог гэсэн. Ер нь бол дүрээ хэрхэн гаргахаас шалтгаалах байх.

-Та хэдэн настайдаа анхны хайртайгаа учирч байсан бэ?

-Анхны хайрыг дараа нь мэддэг юм шиг байна лээ. Арваннэгдүгээр ангидаа анх үерхэж байсан залуу минь анхны хайр байсан.

 

-О.Гэрэлсүх: Таны хайрын утсыг хөндөж чадна-

УДЭТ 1996 онд “Ромео Жульетта” жүжгийг тавьж байсан. Уг жүжгийн Ромеогийн дүрийг бүтээсэн О.Гэрэлсүхтэй хэсэг хором ярилцав.

-Таны хувьд тухайн үед хайр сэтгэлтэйгээ учирсан байсан уу?

-1995 онд эхнэртэйгээ танилцаад удаагүй байхдаа 1996 онд Ромеогийн дүрд тоглохоор болсон юм. Эхнэртэйгээ амьдраад 20 жил болж байна. Тухайн үед эхнэртэйгээ орой нь уулзаад өдөр нь жүжгийн сургуулилтаа хийдэг байлаа. Миний хайр дурлал, жүжгийн дүр хоёр зэрэгцээ дурлалд автаж байсан.

-Энэ жүжгийг үзсэнээр хүний хайрын утсыг хөндөж чадах уу?

-Ромео эхлээд Розалина хэмээн нэгэн бүсгүйд дурладаг. Гэтэл дараа нь Жульеттаг олж хараад хий хоосон дурлаж явсанаа ойлгодог. Хүн хүнээ хайрлаагүйн улмаас хоёр залуугийн хайр сэтгэл бүтэлгүйтдэг хайр дурлалын эмгэнэлт жүжиг учраас таны хайрын утсыг хөндөж чадна.

 

Т.Буянаа