“Гяндан” сандлын асуудал ЦЕГ-ын дэд даргыг ажлаас нь чөлөөлсөнөөр дуусгавар болох уу. Ам, ажлын зөрүү олон зүйл дээр харагдаж буйгийн нэгэн илрэл энэ. “Гяндан” сандлыг тараасан талаарх мэдээлэл цацагдсаны дараа Хууль зүйн сайд арьсаа хамгаалж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Уг сандлыг буцаан татаж, худалдан авсан болон тараасан этгээдүүдэд хариуцлага тооцож байгаа” хэмээн мэдээлсэн байдаг. Гэвч тараасан хүн нь хариуцлага хүлээгээгүй ажлаа хийсээр л байна. Харин ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ш.Ганболдыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, ажлаас нь чөлөөлжээ. “Цагдаагийн байгууллагын бүх нэгжүүдэд тараасан тусгай зориулалтын уг сандал нь эрүүдэн шүүх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох хэлбэр мөн болох тухай, түүнчлэн цаашид үүсэх эрсдлийн талаар үндэслэл бүхий шаардлагыг Монгол Улсын ХЭҮК-оос ирүүлсээр байтал таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр Хууль зүйн яамнаас баримталж байгаа үүрэг чиглэлийг хэрэгжүүлээгүй” хэмээн үзэж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ш.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Харин уг сандлыг цагдагийн бүх нэгжүүдэд тараах шийдвэр гаргасан ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтэд хэзээ, хэрхэн хариуцлага тооцох вэ. Энэ хүн ч мөн л ажлаас чөлөөлөгдөх ёстой бус уу, хууль зүйн сайд аа?!

ЦЕГ-ын эргүүн дэд дарга Ш.Ганболдын хувьд мөрдөн байцаах болон мэргэжлийн үйл ажиллагааг нь хариуцдаг гэдэг утгаараа уг сандлын асуудал дээр хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Тэгээд ч энэ асуудал хөндөгсөнөөс хойш татах ажиллагааг яравчлаагүй байна. Нөгөө талаас нь авч үзвэл энэ хүний толгой дээр анхлан буруу шийдвэр гаргасан Б.Билэгт гэж сахалт нөхөр бий. Хэрвээ яаралтай татах ажиллагааг анх тараах шийдвэр гаргасан нөхөр нь удаашруулсан бол яах вэ?

Тиймээс Ш.Ганболдтой цуг ЦЕГ-ын дарга Б.Билэгт ч мөн ажлаа өгөх ёстой байлаа. Харин тэгсэнгүй. Яагаад...!

Магадгүй. Ш.Ганболд хариуцлага хүлээснээр энэ асуудал намжиж, Б.Билэгт суудалдаа үлдэж болох л юм. Учир нь түүнийг МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн их ойрын хүн гэгдэх юм билээ. Тийм болохоор дахин сонгогдоод байгаа Ерөнхийлөгчийн эсрэг Х.Тэмүүжин сайд юу ч хийж чадахгүй биз. Тэгээд ч анх улс  төрд чирж, оруулсан хүн нь Ц.Элбэгдоржийг гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байдаг. Ямар ч гэсэн олны анхаарлыг татсан асуудлыг хэн нэгнийг золигт гаргаснаар намждаг байдал хэвэндээ л байсаар байна. Шинэчлэл ч эхлээгүй байна даа...

 

Н.Чинзориг