Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хуулийн дагуу иргэдэд өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрт багтдаг нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан олгох урамшууллын системийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр худалдаа арилжаа эрхэлж буй хувь хүн төдийгүй аж ахуй нэгж байгууллагын мөнгөн урсгалын хяналтын нэгдсэн систем бий болох юм. Өөрөөр хэлбэл худалдаа арилжаанд оролцож буй бүхий л хувь хүн, аж ахуй нэгж байгууллагын арилжааны мэдээлэл улсын санд автоматаар бүртгэгдэж татвар болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа зохицуулагдах боломж бүрдэж байгаа юм.

Иргэн бүр баримтаа цуглуулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэхдээ заавал цаасан баримт цуглуулж хадгалахгүй. Баримтын дугаараа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлсэн тохиолдолд цаасан баримтаа хадгалах шаардлагагүй төлбөрийн баримт хэвлэдэг болсноор иргэд НӨАТ-ын урамшууллыг тухайн баримтаар дамжуулан буцаан авах боломжтой юм.

Иргэд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өдөр тутмын худалдаа, үйлчилгээний төлбөрийн баримтаа Татварын Нэгдсэн Системд бүртгүүлснээр 2017 оноос эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийг буцаан авах боломжтой болох юм байна.

 

Т.Буянаа