"Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид өнөөдөр 12.00 цагаас "Зууны мэдээ" мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаад байсан юм. Хэвлэлийн хурал эхлэх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатаалаа.

С.Эрдэнийн хамт мэдээлэл хийх гэж байсан нөхөд нь хэлэхдээ "Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бид бодоогүй. Тэр ч энэ тухай бидэнд юу ч хэлээгүй" гэв.

"Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн С.Эрдэнэ хэлж, гадуур хувцсан дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаан тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр хэвлэлийн хурлын байрнаас гараад "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажлын байрандаа буцаж очжээ. Түүнд эмнэлгийн тусламж хүргэхээр 103 төв рүү аваад явсан юм.