“Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны "Халиуны ертөнц” тоглолт “UB PALACE”-ын концертын их танхимд болж үзэгчдийг ёстой л нэг доргиогоод авлаа.

Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ С.Ононбат, “On’n off” продакшн ажиллаж, тайзны тавилт, найруулга, зохион байгуулалт гээд бүх зүйл нь шинэлэг байж чадлаа. Мөн тоглолтонд дуулагдсан бүх дуунууд 100 хувь амьдаар дуулагдаж уран бүтээлчдийн ур чадвар, сэтгэл хөдлөл зэргийг үзэгчдэд шууд хүргэсэн нь тоглолтын ноён нураа байлаа. Н.Халиуны зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдийг Монголын рок поп хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид амилуулж, үзэгчдийг Н.Халиуны ертөнцөөр аялуулсан үдэш байсан юм.

Тэр дундаа тоглолтын онцлох уран бүтээлчид нь, тайзнаа гараагүй удсан дуучин Б.Мягмарсүрэн, Л.Байзада, Х.Оюунбилэг, Э.Минжинсор болон “Хар сарнай”, “Freezone” нарын үзэгчдийн хүсэн хүлээсэн хамтлаг, дуучид оролцож, сэтгэлд хоногшиж дурсамж хөглөх дуунуудаараа мэндчилэн бэлэг барисан юм.

Мөн тус тоглолтыг хөглөсөн шилдэг хөгжимчдийг энд дурдахгүй байж болохгүй. Тэд ёстой л нэг хөгжим гэж юу байдгийг энэхүү тоглолтон дээр харуулсан юм. Ийнхүү хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиуны "Халиуны ертөнц” тоглолт тэнд цугласан үзэгчдийг доргиож, дуу хуур, дурсамжаар аялуулж нэгэн үдшийг гайхалтайгаар үдсэн юм.

www.urlag.mn