Дулааны V цахилгаан станцыг барих тухай ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Эхлээд III цахилгаан станцын баруун талд барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болсон ч уг газарт арав гаруй аж ахуйн нэгж ашиглалтын зөвшөөрөлтэй байснаас гадна үнс зайлуулах, хадгалах газар, усан хангамжийн нэмэлт эх үүсвэр байхгүй зэрэг шалтгаанаар дээрх байршлыг өөрчилж, өнгөрсөн оны сүүлчээр дахин судлахаар болж байсан. Үүний дагуу хоёр ч газрыг сонгон судалсны эцэст Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу “Ургах наран” хорооллын урд талын авто зам болон төмөр замын хоорондох Хөлийн голын хөндий хэмээх газарт барихаар болсон. Тус хөндийн 43 га газрыг “Улаанбаатар дулааны V цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгох захирамжийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байсан. Уг станцыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 1.4 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн тооцоолж буй аж. Мөн нийслэлийн газрыг шийдэж,  уг станцын гэрчилгээ нь Эрчим хүчний яамны нэр дээр гарсан байгаа гэнэ. Тиймээс уг газрыг дахин өөрчлөхгүй аж. ТЭЦ-V баригдах газарт хуулийн дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ёстой юм байна. Энэ ажлыг Байгаль орчны яам хийж байгаа бөгөөд одоогоор эхний ерөнхий үнэлгээг хийжээ. Эрчим хүчний яамнаас Хөлийн голын хөндийн тодорхой хэсгүүдэд нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай байна гэсэн удирдамжийг Байгаль орчны яаманд өгсөн байна. Тиймээс компаниудад саналаа тавьж нарийвчилсан үнэлгээг хийлгэхээр болоод байна. Үнэлгээ хийх процессийг зайлшгүй хийх хэрэгтэй болохоор нэлээд цаг авч буй аж. Энэ жил үнэлгээний дүн гарах гэнэ. Урьдчилсан дүнгээр тус станцыг барих газарт цэвэр усны сан бүхий газар байгаа хэмээн үнэлгээгээр тогтоогджээ.  Тиймээс ТЭЦ-V барихад Байгаль орчны яамны үнэлгээний дүн л үлдээд байгаа юм. Уг нь өвлийн их ачааллын үед Улаанбаатар хотод эрс хүйтэрсэн нөхцөлд 100 МВтдулааны эрчим хүч дутагдах ба цаашид өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд өнгөрсөн онд ТЭЦ-V-ын эхний блокийг барьж ашиглалтад оруулах шаардлагатай байсан. Гэвч газрын асуудлаас болоод өдийг хүртэл юу ч хийгээгүй байна. Манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж чаддаггүй. Тиймээс ОХУ-аас цахил­гаан импортлодог. Эндээс үзвэл ойрын үед шинэ эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүй бол өндөр үнэтэй, торгуулийн хатуу нөхцөлтэйгөөр импортоо нэмэх юм. Хэрэв Амгалан, ТЭЦ-V ашиглалтад ороод ирвэл дулааны асуудалд хүндрэл учрахгүй гэж байна.

 

Б.Нарантуяа