Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, уг хөдөлгөөнд хувь хүн, албан байгууллагаараа нэгдэхийг уриалж байгаа билээ.

Тэгвэл уг хөдөлгөөнийг дэмжин хамтарч ажиллах байгууллагуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэ 7 хоногт Монголын ахмадын чөлөөт холбоо, Ардчилал, шударга ёс Монголын Залуучуудын холбоо, Монголын Уламжлалын нэгдсэн нам зэрэг байгууллагууд нэгдэхээ илэрхийллээ.

Мөн өнөөдрөөс хөдөө, орон нутагт “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний үйл ажиллагаа идэвхжиж, Хар/Цагаан жагсаалт гаргах журам танилцуулах, жагсаалтын судалгааны санал асуулга авч, иргэдийн санал бодлыг сонсох, уулзалт лекц зохион байгуулах гэх мэт өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулагдаж эхэллээ.

Түүнчлэн улс эх орондоо ихийг хийж бүтээх, хариуцлагатай, ёсзүйтэй шинэ үеийг гаргаж ирэх зорилготой “Цагаан жагсаалт”-нд нэрлэх үйл ажиллагаа ч энэ 7 хоногт эрчимтэй өрнөж “Цагаан жагсаалт”-ын урилга эхнээсээ эзэндээ очсоор байна. Гэхдээ “Цагаан жагсаалт”-ын урилга авсан хүмүүс уг жагсаалтанд орох эсэх нь олон нийтийн санал асуулгаар тодроно.