УИХ-ын гишүүн Б.Чожилсүрэнгийн “Хурд групп” ХХК-нь удаа дараа хариуцлага алдаж, олон хүний алтан аминд хүрлээ. Хамгийн сүүлд болсон зарим ослыг эргэн сануулахад:

"Рапид харш” орон сууцны хороолол баригдаж байх үед 26-хан настай залуу осолдсон аймшигт хэрэг гарсан. Тодруулбал уг барилгын арваннэгдүгээр давхарт ажиллаж байсан краны цамхаг нурснаар, краныг жолоодогч залуу хорвоог орхисон юм. Осол гарахад хүргэсэн шалтгааныг тухайн үед хяналтын инженер, оосорлогч, дохиочин зэрэг ажилчдыг ажлаас халсантай холбоотой гэж дүгнэсэн юм билээ. Учир нь хяналтын инженер, оосорлогч, дохиочин байсан бол кранчин залууд ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, тэр амьд гарах боломжтой байсан гэдэг. Тэгэхээр тэд орон тоо цомхотгож, илүү их ашиг олохын төлөө шийдвэр гаргаж байгаад, хүний аминд хүрсэн байгаа юм. Талийгаач цамхаг нурахад эхний цохилтоор кранаасаа зүүгдэж байсан ч хоёрдох цохилтод гараа алдаж унасан тухай ослыг харсан ажилчид ярьдаг юм билээ.

Мөн л “Хурд”-ын барилга болох “Нарны хороолол” баригдаж байх үед буюу 2013 оны тавдугаар сард барилгын талбайд дамнуургаар цемент зөөж явсан 40 настай эрийн дээрээс төмөр унасан байдаг. Тодруулбал есөн давхарт өргөж байсан кранаас 20 гаруй кг жинтэй хүнд төмөр, гадаа ажиллаж байсан хүний тархин дээр унаж, толгойг нь зад татсан учир газар дээрээ нас барсан. Энэ осол мөн л аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлээгүйгээс, буюу өөрөөр хэлбэл хяналтын инженер гэдэг орон тоо байхгүйн улмаас үүдэн гарсан гэдийг хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд хэлж байлаа.

Ингээд зогсохгүй түүний дараа жил буюу өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард бас л “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, нас барсан хэрэг гарсан. Уг барилгын ажилчин залуу тухайн үед таван давхарт ажиллаж байсан бөгөөд түүний хамгаалалтын бэхэлгээ нь тасарснаас доош унан амиа алдсан. Мөн түргэн тусламжийг цаг алдаж, дуудсаны улмаас түргэний машин осол болсноос хойш хоёр цаг гаруйн дараа очсон байдаг. Талийгаач 1989 онд төрсөн 25 настай, эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг залуу байжээ.

Дээрх ослоос хэдхэн сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сард “Хүннү” хорооллын барилга дээр ажиллаж байсан 51 настай эрэгтэй цахилгаан шатны хонгил руу унаж, амиа алдсан хэрэг гарсан. Тэрээр тухайн үед барилгын цэвэрлэгээний ажил хийж байсан юм билээ.

Гэтэл энэ байдал дахин давтагдлаа. Тодруулбал 2015 оны 11 сарын 17-нд буюу өчигдөр “Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Хурд” хорооллын барилгын гурван давхараас хүн уначихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүс шалгахад тус барилгын гуравдугаар давхарт ажиллаж байсан туслах ажилтан унаж амь насаа алдсан байж. Тэрбээр тухайн үед мөн л цэвэрлэгээний ажил хийж байсан юм байна. Талийгаач Налайх дүүргийн оршин суугч бөгөөд 53 настай байсан аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. “Хурд групп”-ынхан ажилчдын аюулгүй байдлыг хангаагүйн хүний алтан аминд хүрсээр байна. Хүний амийг төлөх зүйл гэж байхгүй. Тэгэхээр хууль хяналтынхан “Хурд групп”-д ямар хариуцлага тооцож, эл байдлыг хэрхэн таслан зогсоох гэж байна вэ.

 

Н.Ганаа