Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу “Гурван гал” худалдааны төвийн баруун урд талд баригдаж буй барилгаас өнөөдөр төмөр унаж, суудлын автомашины хамрыг цөмөлсөн хэрэг гарсан юм. Тус барилга нь “Глобал хурд” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 12 давхар оффис, үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа юм.

Биднийг очих үед осолдсон автомашиныг аваад явсан байсан бөгөөд барилгын гадна талын бэхэлгээний төмөр унасан хэмээн тэнд ажиллаж байсан Замын цагдаа хэлсэн юм.

Тус барилгын харуултай уулзахад “Одоогоор барилгын ажил явагдахгүй байгаа. Шүүхээс хаах шийдвэр гарсан гэсэн. Аль түрүүн бэхэлгээний төмөр унасан” гэсэн мэдээлэл өгөв.

Тус барилга нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авалгүй хууль бусаар баригдаж байгаа юм. Тухайлбал, магадлал хийлгээгүй зураг төсөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, бетон цутгалтын ажил гүйцэтгэхдээ хоногийн дундаж таван хэмээс бага үед цутгасан бөгөөд бат бэх нь тодорхойгүй, лабораториор баталгаажуулаагүй, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байсан зэрэг зөрчлийг мэргэжлийн байгууллага илрүүлсэн юм. Илэрсэн зөрчилд арга хэмжээ авч, барилгын ажлыг зогсоосон хэдий ч захиалагчийн зүгээс гүйцэтгэгч компаниа сольж, зөвшөөрөлгүйгээр дахин барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс “Глобал хурд” ХХК-ийн удирдлагтай удаа дараа уулзах хүсэлт тавьдаг ч ямар нэгэн аргаар уулздаггүй байна.

Т.Буянаа