“Таван хэмжээст ертөнц” булангийн 10 сарын 15-ны дугаарт У. Галхүүгийн тухай “Гал минь битгий унтраарай” гэсэн нийтлэл гарсан билээ. Харин энэ удаад тэрээр төрийн тэргүүнд хандаж бичсэн ил захидлаа манай булангаар дайлаа.

Өмөөрөх аав минь болж өгөөч

Сайн байна уу? Ерөнхийлөгч өө! Сайхан өвөлжиж байна уу? Тэр нэгэн өдөр барилгын өргөгч төхөөрөмж эвдэрч би таван давхраас унаагүй байсан бол, бэртэж хөдөлмөрийн чадвараа алдан, хэвтрийн хүн болоогүй байсан бол, энэ хэргийн талаар шүүх хурал удаа дараа хойшлогдоогүй байсан бол над мэтийн өчүүхэн хүн эрхэм төрийн тэргүүн танаа захидал бичиж зүрхлэхгүй байх байлаа.

Ерөнхийлөгч өө, би аав гэж дуудаж үзэлгүй өссөн, жирийн л нэг монгол ээжийн отгон хүү нь байна аа. Ээжийгээ ачлан өргөх учиртай айлын отгон хүүгийн хувьд болчимгүй үйл хийж ээжийгээ зовоож гомдоолгүй өсөхсөн гэж хичээж ирсэн. Ээжийгээ өргөж асран тус дэм болох хүсэлдээ би олдсон ажил бүрийг хийж байсан юм. Мэргэжилгүйдээ биш, төгсөөд очихоор ажлын туршлага алга гээд авдаггүй төрийн албаны тогтолцооноос болж ажил ажлыг хийж явсан минь үнэн. Гэвч энэ нь ганц ээждээ дараа болж хэвтэрт орон, хүү охин хоёроо асарч өсгөх тэнхэлгүй хэвтрийн хүн болгоно чинээ санасангүй. Миний болгоомжгүй үйлдлээс болж ийм зүйл болсон бол ёстой “гай таарлаа” гэж хувь заяандаа гомдож суух байсан биз. Харин энэ гарцаагүй үйлдвэрийн осол билээ. Гэтэл одоо хэр нь ахуйн осол гэж үзээд байна. Эмчилгээний зардал мөнгө маань шийдэгдэх нь бүү хэл ослын актыг минь ч гаргаж өгөхгүй байгаа нь хөл дээрээ босч ирэх найдварыг минь өдөр хоногоор үхүүлж байгаа юм.

Ерөнхийлөгч өө, та энэ зургийг нэг хар даа. Ийм юманд дарагдчихаад би үхээгүйд миний хоёр хүүхэд азтай байгаа л байх. Гэхдээ аав нь амьд байна гэдэг өдөр өдрөөр өсөх хоёр нялх үрийн минь хүсэл аавынхаа тэргэнцэртэй хамт дуусна гэсэн үг биш. Аавтайгаа өснө гэдэг орноосоо өөрөө өндийж чадахгүй, хөл дээрээ өөрөө зогсож чадахгүй “хэвтрийн хүний” гарын аясыг нэг насаараа харна гэсэн үг биш. Тийм болохоор ерөнхийлөгч өө, би босмоор байна.

Тэтгэврийн ганц ээж минь, тойгон чинээ хоёр нялх үр минь үйлдвэрийн осол гарах хэмжээнд сэтгэл татуу хандсан буруутан бүрээс, үйлдвэрийн осол байсаар байхад ахуйн осол болгоод байгаа эрх мэдэлтнээс, ослын актыг минь гаргахгүй хар амиа л бодсоор байгаа шат шатны мэргэжилтэн бүрээс, шүүх хурлыг өнөө хэр нь хойшлуулсаар байсан хуулийнхан болгоноос хөл дээрээ өөрөө зогсдог, хоёр гараас нь хөтлөөд гүйдэг идэр залуу хүүгээ, эв эрүүл аавыгаа нэхэж байна аа.

Харин ерөнхийлөгч танаас “ийм том”-ыг би хүсээгүй ээ. Хаяад явсан аавыгаа би нэхээгүй. Орхиод явсан эхнэрээ нэхээгүй. Өргөх кранд даруулж, надтай цуг няцарсан залуу насны хүслээ би нэхээгүй. Над шиг аавгүй байж, над шиг няцарч, няцлуулж, томоогүй хоёр жаахан үрийнхээ нүднээс хүсэл бүхнийг нь уншивч, тосож очоод аргадах тэнхэлгүй эцэг болж, тааз ширтэх заяа яг тан дээр ирсэн бол яах байсан бол гэсэн сэтгэлээр л намайг нэг өмөөрөөд өгөөч тэгэх үү?

Тааз ширтээд хаалга чагнан хэвтэхдээ би “Өмөөрөх аавтай ч байсан болоосой “ гэж олонтоо бодсоон. Тэгтэл яагаад ч юм надад улсын ерөнхийлөгч гэдэг өрх гэрийн тэргүүн, “ААВ” нь байдаг гэдэг санагдаж, “ерөнхийлөгч-аав” танд энэхүү ил захидлыг бичүүлж байгаа юм. Хэдэнтээ улирч сонгогдон “аав” минь хэвээр байгаа тан шиг хүнд бол дэндүү амархан ч, тааз ширтэхээс илүүг өөрөө хийж чадахгүй над шиг өнчин эрэмдэг хүнд дэндүү хэцүү болчихоод байгаа доорх хэдхэн зүйлийг шийдэж өгөхийг мөргөн мөргөн гуйя, ерөнхийлөгч-аав аа.

1. Миний гэмтлийн зэргийг, ослын нөхцөл байдлыг харгалзаж, ослын актыг гаргуулж өгөөч.

2. Хэрэгт буруутай хүмүүсийг үтэр түргэн шалгаж, эмчилгээний зардлыг тэднээр гаргуулж өгөөч. / Монголд хийх эмчилгээ байхгүй/

3. Өдий болтол шийдэгдэхгүй байгаа энэ хэрэгт хамаатай шат шатны албан хаагчид, хуулийнхныг шалгаж, ажлаа сэтгэлээсээ, үнэнч шударга хийхийг үүрэг болгож өгөөч.

4. Хоёр хүүхдийнхээ төлөө хөл дээрээ босох хүслийг минь бүх талаар дэмжиж өгөөч. Хөл дээрээ босож хүүхдээ өөрөө өсгөхийг минь дэмжиж өгөөч.

5. Хүний гар харуулалгүй үр биднээ өсгөсөн ээжээрээ асруулах хэвтрийн хүн биш, ээжийгээ асрах гэсэн хүслийг минь хүндэлж өрөвдөөч.

Зөндөө олон хүүхдийг өөрөөрөө овоглодог өр нимгэн ерөнхийлөгч та, бие хүслийг минь хамтад нь зэрэмдэглэсэн хэргийн учрыг заавал шийдэж өгөөрэй. Илүүг би хэнээс ч нэхэхгүй.

Ерөнхийлөгч та газар хөдлөөд ард түмэн улс орныг нь үй олноор нь хөмөрчихдөг эх орны тэргүүн биш. Хаанаас буу шагайж байгааг нь тааж мэдэхгүй дайны үймээнтэй эх газрын ч эзэн биш. Тайван голдуу эх орныхоо, хүлцэнгүй голдуу ардынхаа ардчилалын бэлэг тэмдэг болсон аав минь гэдгээ харуулаарай.

Аавгүйдээ гутрах нэг цаг байхад “аав”-тайдаа баярлах өөр нэг цаг тохионо гэдэгт итгэн итгэн хариу хүлээе, мөргөн мөргөн залбиръя.

Таныг хүндэтгэн ёсолсон Хэнтий аймгийн иргэн У. Галхүү

У.Галхүүгийн дарагдаж унасан өргөгч 2014 оны 3 сарын 31

Монгол бахархлын өдрөөр Хүү Г.Соноргэрэл /5н/ Охин Г. Сарангэрэл /3н/