“Дүүлэн нис”, “Хөх толбот хүмүүс” зэрэг уран бүтээлээрээ кино урлагт орон зайгаа хэдийнэ эзлээд буй “ДОЗ ПЛАС” энтертайнментынхны шинэ бүтээл “Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэгийн Дэли хотын “Нойда” Олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.

Тус наадамд 21 улсын шилдэг кинонууд оролцсон байна. Энэхүү баярт мэдээг “ДОЗ ПЛАС” энтертайнментын жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудаснаа нийтэлж олонд дуулгалаа. Тэрбээр “Энэтхэг Дэли хотын Нойда Олон улсын кино наадамд 21 улс орны кино оролцож бидний хийсэн “Элэг нэгтэн” кино шагнал авлаа. “Элэг нэгтэн” киноны олон улсын хоёр дахь шагнал боллоо. Энэ бол жинхэнэ бидний хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж, сэтгэлээ өгсөнд хүн бүхэнд “ДОЗ ПЛАС” энтертайнментын өмнөөс баярлаж байна. Удахгүй цомоо аваад очлоо шүү, манайхан. Монголын кино урлагийн зам үргэлж гэрэлтэх болтугай. Сайхан сайхан” гэв.

“ДОЗ ПЛАС” энтертайнмент нь Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан мөн өөрийн улсыг гадны оронд тодорхой хэмжээгээр сурталчилж байгаа уран бүтээлчид. Энэ удаагийн “Элэг нэгтэн” бүтээлд нь 2013 оны Канны Олон Улсын кино наадмын хүндэт зочин жүжигчин, 2014 онд Шанхайн Олон Улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо “Шилдэг эрэгтэй дүр”-ийн эзэн болсон Азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm тоглосонг та бүхэн санаж байгаа биз ээ.

Өмнө нь “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Францын нийслэл Парис хотын “ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ESSAI” театрт нээлтээ хийсэн бөгөөд эх орондоо ирэхдээ Төрийн ордонд нээлтээ хийж байсан билээ.