Кино дэлгэцийн жүжигчний нүүр хувиргалтыг чадварлаг хийдэг уран бүтээлч болох театрын зураач, мейк ап уран бүтээлч Л.Цэрэндулам өөрийнхөө “Tsegiina” салоныг өнөөдөр нээв. Тэрбээр TV5, 25 дугаар суваг телевизийн олон ангит кино, “Хөлтрөг”, “Цэн тогоруу”, “Өнөөдөр”, “Зүүдэнч оромгүй явдал” уран сайхны кинонд нүүр хувиргагчаар ажиллахаас гадна тайзны зураачаар хэд хэдэн бүтээл туурвисан юм.

 

 

 

Түүний салоны үүдээр оронгуут нь үсчин, гоо сайхны газарт орсон тэр мэдрэмжийг төрүүлэх ажээ. Цаг, гэрэлээ үсчингийн хэрэгслээр шийдсэн нь сонирхолтой санагдсан юм.

Тэрбээр ирэх гуравдугаар сард Үсчин, гоо сайханчдын дэлхийн аваргад оролцох бөгөөд удахгүй болох нийслэлийн аваргад оролцох залуусыг бэлдэж байгаа түүнтэй хэсэг хором ярилцсан юм.

 

 

-Өнөөдөр өөрийнхөө салоныг нээж байгаад тань баяр хүргье

-Баярлалаа. Олон жилийн өмнөөс хүссэн мөрөөдлөө өнөөдөр биелүүлж байна.

-Таны хувьд зураач мэргэжилтэй байж яагаад мейк ап артист болох болов?

-Би 2012 онд СУИС-ийг театр киноны зураач мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа киноны нүүр хувиргагчаар ажиллах болсон. Энэ мэргэжилдээ дуртай болж хоёр жилийн өмнөөс гоо сайханч мэргэжлээр суралцсан. Ингээд 2014 онд Герман улсад зохиогдсон Үсчин, гоо сайханчдын дэлхийн аваргад оролцсон. Залуу хүн болохоор өөрийхөө ур чадварыг дээшлүүлэхийг зорьдог. Иймээс ч өнгөрсөн тавдугаар сард Малайз улсад болсон Азийн аваргад Монголын Үсчин, гоо сайханчдын холбооны залуустайгаа оролцон багаараа алтан гранпри шагнал хүртсэн. Мөн монгонголдоо анх удаа мэргэжлийн боди арт болон нүүр хувиргалтын шоуг зохион байгуулсан. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард Чех улсад дөрвөн жилд нэг удаа болдог театрын зураачдын наадамд оролцоод ирсэн.Өөрийнхөө хийж чаддаг зүйлийг хөгжүүлж, хүсэл сонирхол мөрөөдлийнхөө дагуу ажиллаж байна. Гаднын тэмцээн уралдаанд оролцож байгаа маань дэлхийн шилдэг уран бүтээлчдээс их зүйлийг сурч авдаг. Сурсан зүйлээ бүсгүйчүүддээ түгээдэгтэй бахархадаг.

 

 

 

-Салонд таньд ажиллах хүмүүсийг танилцуулахгүй юу?

-Миний бие нүүр хувиргагчаа хийхээс гадна сургалт явуулах байгаа. Манай салон гурван үсчинтэй, 20 жил ажилласан мастер үсчин Дарьсүрэн, “Матрекс” салоны үсчин байсан Мийгаа залуу гэх чадварлаг залуус байгаа. Мөн олон жил маникьюраар ажилласан чадварлаг хамт олон таньд үйлчилнэ.

 

-Удахгүй шинэ жилийн баяр тохиох гэж байна. Энэ жилийн хувьд ямар будалт зонхилох бол?

-Хүн болгоны нүүрний онцлогт тохируулж нүүр хувиргалтыг хийх болдог. Моданд орж байгаа гээд тэр хүнд зохихгүй будалтыг хийхгүй. Тухайн хүний нүүрний онцлогт нь тааруулан зохисон нүүр хувиргалтыг хийнэ. Мөн зүгээр ч нэг нүүр хувиргалт хийлгэхээс гадна таньд бас нүүр хувиргалтын зөвлөгөө өгнө.