Энэ долоо хоногт эх орондоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төрд 10 мянган цэрэг татаж, барилга, төмөр зам дээр ажиллуулж, цалинг ар гэрт нь өгөхөөр болж буй асуудал шуугиан дэгдээв. “Цалинтай цэрэг” хөтөлбөр хэмээн АН–ын дарга З.Энхболд нэрлээд эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга замыг нэлээд эрж хайсны эцэст төмөр зам, барилга дээр бэлэн болсон 10 мянган ажлын байрыг гадаадаас биш дотоодоосоо бүрдүүлэхээр боллоо гэж тодорхойлсон.

Уг ажлыг хийхэд 24 тэрбум төгрөг шаардлагатай аж. Тэгвэл төсөвт суулгачихлаа. УИХ–ын гишүүн Х.Баттулга “10 мянган залуусыг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэнтомоохон төслүүдээ урагшлуулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлага эхэлнэ. Гурав, дөрөвдүгээр сараас цэргийн ангиудаар мэргэжил олгох сургалтууд явах юм. Ингээд газар гэсмэгц бүтээн байгуулалтад шилжинэ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдав.

Дээрх санааг нөгөө хэсэг нь АН-ын сонгуулийн пи-ар гэж харж байгаа аж. Зарим гишүүд ч эсэргүүцсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Бид зөв зорилгоо буруу арга замаар хэрэгжүүлж болохгүй. Үнэт зүйл, зарчим, үзэл баримтлалаа санах!.Залуусаа их бүтээн байгуулалтад оролцуулъя, мэргэжил эзэмшүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлье, ажлын байртай, орлоготой болгоё. Монголчуудын хийж чадах хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж, төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр өгөөжийг Монголдоо үлдээе гэдэг бол зөв бодлого. Гэхдээ цэрэг, армийн хэлбэрээр биш” хэмээн цахим ертөнцөд бор шувуу нисгээд авсан.

Ийн улс төрд цалинтай цэрэг гэж сенсаацилж байх хойгуур нийгэмд ард иргэд өөрийгөө шатааж эхэлсэн. Тэгвэл өдгөө өөрийгөө биш үйлдвэрлэсэн хувцсаа шатаана гэж төрөө айлгадаг боллоо. Цаашлаад хөхөө тайрна гэж төрийн тэргүүндээ ил захидал хүртэл илгээх нь тэр.

Монгол Улсын иргэн зураач Л.Өнөрчимэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидлын хэсгээс "Би хорт өвчинд нэг хөхөө өгсөн түүхтэй. Харин одоо нөгөө хөхөө Эх орончдод өгөх тийм зүрх зориг надад байна. Хэрвээ эрх баригчид олон тэнэг үйлдлээ хийсээр байх аваас би бээр жагсаал зохион байгуулж, Чингисийн хөшөөний өмнө хөхөө хэрчин тайрч хаях болно. Монголчуудын зовлон надаар дуусаг" гэжээ. Тэгвэл Шийдлийн Засгийн газар шийдэж чадахгүй бол цаг алдалгүй огцрохыг ЭКСКЛЮЗИВ компаний удирдлага шаардлаа. Тус компани өнгөрөгч есдүгээр сарын 19-нд бараагаа үнэгүй тараана гэж олон нийтэд дуулгасан. Тэгвэл өнөөдөр хэвлэлийн хурал хийн бараагаа үнэгүй тараах гэсэн үйлдэл бол татварын буруу бодлогыг эсэргүүцсэн тэмцлийн хурц хэлбэр байсан гэв.

Харин үүнээс хойш хоёр сар өнгөрөхөд хаалгасан данс нь нээгдээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөө авч чадаагүй байгаа аж. Өнгөрсөн 60 хоногт ард түмэнд 70 орчим сая төгрөгийн бараагаа тараасан гэж тус компанийн захирал Г.Майцэцэг мэдэгдэж "одоо хувцсаа шатаана" гэсэн юм.

Ийнхүү зарим хэсэг нь хямралаас болж болчимгүй үйлдэл гаргаж байхад сайхан сэтгэлд Монголчуудынхаа тусламжтайгаар нэгэн бяцхан хүү хөл дээрээ бослоо.

Б.Билгүүдэй хүү эдгэрч, эх орондоо ирлээ. Хоёр настай хүү өнгөрөсөн оны аравдугаар сарын сүүлээр цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн. Тэрбээр түлэгдэлтийн 4-р зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна. Б.Билгүүдэй хүү түлэгдэж Монголд нэг сар эмчилгээ хийлгээд Бээжин рүү 2014 оны 11-р сарын 12-нд явсан. Хүүд хандив цуглуулах зорилгоор мэдээллийн шилдэг хөтөч сайт www.Dorgio.mn, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, мисс, загвар өмсөгч, жүжигчид, зохиолчид, ээжүүд, фэйсбүүк группууп хамтран туслах аянг өрнүүлж ажилласан. Мөн Хятад дахь Монголчууд, Өвөрмонголчууд хүүгийн эмчилгээнд хандив цуглуулж эмчилгээнд шаардлагатай мөнгийг цуглуулж чадсан билээ.

Тасралтгүй эмчилгээ, цуврал хагалгааны үр дүнд Б.Билгүүдэй хүү хөл дээрээ зогссон. 2015-оны 05-р сард юм түшиж явдаг байсан Б.Билгүүдэй хүү 06-р сараас ганцаараа юм түшилгүй явдаг болсон. Тэгвэл Б.Билгүүдэй хүү бүрэн эдгэрч, эх орондоо ирсэн байна. Энэ талаар Б.Билгүүдэйн ах Б.Дашдорж: “Дүү маань эх орондоо ирсэн байгаа биеийн байдал сайн байгаа шүү тусалсан бүх хүмүүстээ баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна” гэв.

Махны үнэ огцом буурсан нь ард иргэдийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр боллоо. Сүүлийн өдрүүдэд махны үнэ огцом буурчээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 4010 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5595 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 330 төгрөг, хонины цул мах 155 төгрөгөөр тус тус буурсан байна. Харин “Хүчит Шонхор”, “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөгөөр борлуулж байгаа юм. Тэгвэл "Дэнжийн мянга" худалдааны төвд хонины нэг килограмм мах 3000-3800 төгрөгөөр худалдаалж байна.

Спортод Ронда Роузи UFC-ийн аваргын бүсээ алдлаа UFC-ийн эмэгтэйчүүдийн дунд жингийн аварга Ронда Роузи өнөөдөр анх удаа ялагдлаа. Тэрбээр UFC-193-д мэргэжлийн боксын дэлхийн аварга Холли Холмтой бүсээ хамгаалж, тулалдсан юм. Харин Холли Холмс хоёрдугаар үед Ронда Роузиг алдарт зүүн хөлнийхөө цохилтоор нак-аутанд оруулж ялалт байгууллаа. Эхний үеэс эхлэн Холли Холм зайгаа зөв мэдэрч, Рондаг хэд хэдэн удаа хүчтэй цохиод байсан. Улмаар хоёрдугаар раунд эхлээд хоёр минут орчим болж байхад нак-аутаар яллаа. Ронда Роузи ийнхүү UFC-ийн аваргын бүсээ алдаж байна.

 

“Дүүлэн нис”, “Хөх толбот хүмүүс” зэрэг уран бүтээлээрээ кино урлагт орон зайгаа хэдийнэ эзлээд буй “ДОЗ ПЛАС” энтертайнментынхан Монголын кино урлагт олон улсын шагналыг авч ирлээ. Тус энтертайнментын бүтээсэн “Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэгийн Дэли хотын “Нойда” Олон улсын кино наадамд 21 улс орны кино өрсөлдөж ийнхүү олон улсын наадмаа хоёр дахь шагналаа хүртэж байгаа нь энэ юм.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа