Гадаа хүйтэрч, цас хаялан зам мөстөж эхэллээ. Өвөл болонгуут дулаан гутал өмсдөгтэй адил, машиныхаа дулаан гутлыг өмсгөцгөөе. Өөрийн төмөр хүлгээ өвөлд бэлдэхийн тулд тос маслоо сольж, дулаан хучлагаа зэхэхээс гадна өвлийн дугуй авах нэг том даваа хүлээж буй.

Зуны дугуй нь өвөл явахад халтирахаас гадна хүйтэрсэн үед хөлддөг. Тиймээс аюулгүй байдлын үүднээс дугуйгаа заавал солих ёстой.

Та бүхэнд Doctor, “Таван богд” групп, “Өгөөмөр”, “Да хүрээ” захад худалдаалж буй өвлийн дугуйны үнийг танилцуулж байна. Doctor автомашины засвар, үйлчилгээ худалдааны төвд энэ жил Lexus 570, Land Cruiser 200, Lexus RX-350, Lexus RX-400 автомашины дугуй эрэлттэй байгаа гэнэ. Суудлын автомашины дугуйны үнэ 191 мянган төгрөг, дунд оврын жийп 265-328 мянган төгрөг, жийп 383-426 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм.

“Таван богд” группт дунд оврын жийпний өвлийн дугуй 240-370, жийп 370-560 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Харин “Өгөөмөр”, “Да” хүрээ захуудад японд хэрэглэж байсан бүх төрлийн дугуйг зарж байгаа юм. “Өгөөмөр” захад суудлын автомашины өвлийн дугуй 35-80, жийп 200-250 мянган төгрөгийн үнээр зарагдаж байна. “Да” хүрээ захад суудлын автомашины дугуй 40-60, жийп 200-250 мянган төгрөгийн хооронд борлуулж байгаа юм.