-ХҮҮХДҮҮДИЙН МИНЬ СЭТГЭЛ САНАА АВАХ ЮМГҮЙ БОЛСОН,

ЯАЖ НҮҮРИЙГ НЬ ХАРНА ДАА-

“Авьяаслаг монголчууд” шоуны финалын тог­лол­тоос үзэгчдийн сана­лаар шилдэг гуравт шал­гарсан ч шүүгчдийн шийдвэрээр хасагдсан “Нарны охид” хамтлагийн багш Б.Түмэнжаргалтай ярилцлаа. “Нарны охид” хамтлагийн Б.Жавзан, Э.Ганчимэг нар 13 настай. ХаринО.Маралжингоо есөн настай.

-“Авьяаслаг монголчууд” шоуны финалийн тоглолтын өмнө танайхамтлагийн бага охин түлэгдсэн тухай сонслоо. Гайгүй юу?

-Шоуны дараа facebook-ээр зураг нь тарчихсан байсан. Уг нь нууцлах ёстой байсан ч хэн, яаж зургийг нь тараасныг мэдэхгүй юм. Тэмцээний өмнө нэг оролцогч санаандгүй аягатай буцалсан ус алдаад есөн настай охины минь нурууг түлчихсэн. Бид маш их айсан. Шоу зохион байгуулагчид Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Эмч нь “Эдгэтэл нугарч болохгүй. Аюултай” гэсэн. Гэтэл охин маань уйлаад, тэмцээндээ заавал орно гээд хүчрэгддэггүй. Тэгээд цэвэрлэгээ хийж байгаад шүүс нэвтэрдэггүй материалаар боолт хийлгээд тэмцээндээ орсон.

-Хоёр эгчийгээ дээрээ гаргаж байгаад нугарсан шүү дээ. Их өвдсөн байх?

-Хуруугаа эсгэчихээр ямар зовиуртай байдаг билээ. Гэтэл нуруугаа түлчихсэн. Дээр нь хоёр эгчийгээ өргөөд нугарахад ямар байсныг үгээр илэрхийлэх аргагүй. Ард нь хараад зогсч байсан миний арьс зулгарах шиг, яс хугарах шиг мэдрэмж төрсөн. Есхөн настай атлаа урлагийн хүнд байж болох дээд тэвчээрийг гаргасан охиноороо маш их бахархаж байгаа. Үзүүлбэрээ үзүүлчихээд тайзны ард ороход нүдэнд нь нулимс цийлгэнэчихсэн байсан. Тэмцээнээ дуусгаад эмнэлэгт очиж боолтоо солиулсан.

-Одоо гайгүй биз дээ. Цаашдаа нугарахад нөлөөлөх болов уу?

-Нугарахад нэг их нөлөө үзүүлэхгүй байх. Харин түлэгдэлтийн сорви маш муухай харагддаг гэдгийг эмч нь ярьсан. Урлагийн, эмэгтэй хүн гэдэг утгаараа гоо сайхны тал дээр асуудалтай үлдлээ. Ээж нь аваад хотод үлдсэн. Маргааш Хөтөлдөө ирнэ гэсэн.

-Хөтөл дэх “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас тусална гэж сонслоо?

-Ээж нь мэдэх байх. Юу болж байгааг сайн мэдэхгүй байна.

-Танай хамтлагийн охид үзэгчдийг гайхшруулж, бишрүүлсэн гэдэг нь facebook, twitter зэрэг цахим сүлжээнээс харагдаж байна. Хэзээбайгуулагдсан, хаана нуугдаж байсан хамтлаг вэ. Эгч дүүс гэх юм?

-Манайх эхээс долуулаа. Охид маань миний хоёр эгч, нэг ахын хүүхдүүд. Үеэлүүд нэгдээд хамтлаг байгуулсан хэрэг. Бидний хоёрынх нь нагац, нэгийнх нь авга ах. Тэд маань Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны дунд сургуульд сурдаг. Бага нь дөрөв, хоёр том нь долоо, наймдугаар анги. Багаасаа л уян хатан биетэй, хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүд байсан. Сургуулийнхаа урлагийн наадамд тус, тусдаа оролцдог байлаа. Тус тусдаа нугарч байхаар нэгдээд хамтлаг байгуулъя гэдэг саналыг би гаргасан. Тэгээд гурван жилийн өмнө “Нарны охид” хамтлаг байгуулагдсан.

-Тэгвэл танайхан гэр бүлээрээ авъяастай байж таарах нь ээ?

-Яг урлагийн хүн байхгүй. Гэхдээ манайхнаас таван хүн нугардаг. Энэ гурваас маань гадна ахын охин, манай гуч охин хоёр нугардаг. Ер нь монголчуудын урлагийн нэг бахархал нь уран нугаралт. Монгол хүний бие галбир илүү уян хатан байдаг юм шиг санагддаг юм.

-Гэр бүлийнхнээсээ та хамтлагийнхаа багшаар сонгогдож дээ, янз нь.

-Намайг хаанаас нь ч харсан уран нугралтаас хол нөхөр л дөө. Би оёдолчин. Мэргэжлээс үл хамаарч аль ч салбарт ажиллах, хүч үзэх боломжийг интернэт ертөнц олгож байгаа. Би охидынхоо тоглолтын хувцсыг гайхамшигтай гоёор оёж чадна. Түүн дээрээ тулгуурлаад интернэтээс бичлэг үзэх, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах байдлаар охидоо дасгалжуулдаг. Бид дөрөв сууж байгаад интернэтээс уран нугаралт, бүжгийн бичлэг үздэг. Түүнээсээ санаа аваад бэлтгэлээ хийдэг. Охид минь бие биенийхээ хийж чадахгүйг нөхнө. Бага нь томчуудтайгаа зэрэгцээд, том нь илүү нарийн үзүүлбэр үзүүлэх гээд хамгийн хүнд хэцүүг ч хийхийг, төгс байхыг зорьдог.

-Олон цагийн бэлтгэлээр үр дүнд нэг үзүүлбэл үзэгчдэд хүрдэг болов уу?

-Долоо хоногийн дөрвөн өдөр бэлтгэл хийдэг. Нэг удаад хоёр цаг бэлтгэдэг. Оёдолчны газартаа бэлтгэлээ хийнэ. Бид аймгийнхаа хэмжээнд цөөнгүй уралдаан тэмцээнд оролцсон. “Авьяаслаг сэлэнгэчүүд” наадамд шилдэгт үлдэж байлаа. “Бид Сэлэнгийн үр сад” урлагийн их наадамд хоёр жил дараалан тэргүүн байр эзэлсэн. Аймгийн хэмжээнд зарлагдсан уралдааны талаар сургуулиас нь мэдээлэл өгдөг. Хотод болдог уралдаанд оролцъё гэж нэг их зорьж байгаагүй.

-“Авьяаслаг монгол­чууд” шоунд оролцох санааг хэн гаргасан бэ?

-Телевизээр зарыг нь харсан. Манай охид мэргэжлийнх биш. Гэхдээ яах аргагүй авьяастай. Монголчуудад гайхагдах авьяастай гэж би итгэдэг. Тиймээс дэлхийн хэмжээний шоунд хүч үзье, боломж хайя гэж бодсон. Их ч бэлтгэл хийсэн.

-Нэгдүгээр шатанд охид могойн дүрд хувирсан. Финалын шатанд муурхатагтай болцгоосон. Мэргэжлийн багшаас зөвлөгөө авсан уу?

-Эхний шатанд бичлэг үзэж, санаагаа олоод бэлтгэсэн. Финалд шалгарахаар “Авьяаслаг монголчууд” шоу зохион байгуулагчдын хяналт дор бэлтгэл хийх болдог. Финалын шатанд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан. Улаанбаатар, Хөтөл хоёрын хооронд олон ч явсан. Ихэнхдээ хотод бэлтгэлээ хийсэн. Муур эмэгтэйн дүрд хувирах нь хүн бүрийн чадварыг товойлгох, бусдын үзүүлээгүй үзүүлбэрийг үзүүлэх зорилготой байсан. Бид зорьсноо хийж чадсан. Охиддоо үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

-Харамсалтай нь фина­лын шатнаас хасагдлаа. Үзэгчдийн саналаар шилдэгтшалгарсан ч шүүгчдийн шийдвэрээр хасагдах харамсалтай байв уу?

-“Авьяаслаг монголчууд” шоуны зүгээс бүтэн жилийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвшөөрөлгүй ярилцлага өгөхгүй байх заалттай хатуу гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд өөр уралдаан, тэмцээнд оролцохыг ч хориглосон. Гэвч тэд шоунд шударга бус хандсан нь үнэн. Эцэг эх нь ч гомдолтой байгаа. Тиймээс байгуулсан гэрээгээ цуцалъя гэж хэлэх гэхээр утсаа авахгүй юм. Гэрээнд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярихыг хориглосон учраас хамаагүй ярьж болох эсэхийг мэдэхгүй л байна.

-Би тантай “Авьяаслаг монголчууд” шоуг муухай, сайхан харагдуулахзорилгогүй ярилцаж байгаа. Танай хамтлагийн охид үзэгчдийн сэтгэлийгхөдөлгөж чадсан учраас ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн шүү дээ?

-Үзэгчид угаасаа маш их хандалттай байсан. Санал хураах нэг цагийн дотор цахим ертөнцөөр маш олон хүн урам өгч, “Нарны охид”-д саналаа өгснөө илэрхийлж байсан. Манай үзүүлбэрийн үеэр үзэгчид маш их хөөрөлтэй байсан. Тийм учраас би хувьдаа нэг номероор гарч ирнэ гээд итгэчихсэн байсан. Шоуны зохион байгуулагчид үзэгчдийн саналыг яаж эрэмбэлдэг гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан манай охид шилдэг гуравт шалгарсан. Шүүгчид ч эхний шат, дараа нь шоуны туршид охидод урам өгч, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ шоу бол шоу л байдаг юм байна. Дуулдаг, бүжиглэдэг нь шалгарах зохиолтой байж л дээ. Би шалгарсан хүмүүсийг хэзээ ч буруутгахгүй. Авьяастай юу авьяастай. Гэхдээ дуу дуулаад дэлхийд танигдах ямар билээ. Дэлхийд хичнээн дуулдаг, бүжиглэдэг хүн байгаа билээ. Монголын онцлог юу билээ, бодох л байсан болов уу. Дэлхийд уран нугардаг хүн цөөн. Тэр дундаа миний охид нугараач болгоны хийгээд байдаггүй үзүүлбэрүүдийг үзүүлсэн.

-Шалгаруулалтын үеэр бага нь уйлж харагдсан. Сэтгэлээр их унасан байх?

-Хүүхдүүдийн минь сэтгэл санаа авах юмгүй болсон. Нүүрийг нь харж чадахгүй түрүүлээд Хөтөлд ирчихлээ. “Хэд хоног амраад бэлтгэлдээ оръё” гээд хэлчихсэн. Яаж нүүрийг нь харна аа гэхээс халшрах юм.

Шоугаар цэвэр авьяас гэхээсээ илүү өрөвдөлтэй, эмзэг байдлыг нь голчилж харуулахыг зорьсонд сэтгэл дундуур байгаа. Би тэсэлгүй шүүгчдэд нь “Та нар өрөвдүүлэх, эмзэг байдлаар харуулах зорилготой байсан бол бид ч гэсэн гэрт амьдардаг. Бага охин маань ээжтэйгээ байдаг гээд хэцүү, бэрхшээл олон байгаа. Зорилгоо ил болгосон бол бид ч гэсэн тэр талаа харуулна шүү дээ” гээд хэлчихсэн. Бага охин минь ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Гэвч бид бусдад сул талаа харуулахыг хүсдэггүй. Цэвэр авьяасаараа ялгарах ёстой гэж найдсан. Гэтэл арван настай охин шүлэг уншихаар өхөөрддөг. Есөн настай охин уран нугараад хэний ч үзүүлээгүй үзүүлбэр үзүүлэхээр хасчихдаг л юм байна. Үнэхээр сэтгэл дундуур байгаа.