“Мaking the band”, “240 цаг”, “21000” зэрэг реалити шоу бэлтгэн үзэгчдэд хүргэдэг 25-р суваг телевизийн Д.Эрдэнэбаяр найруулагчтай чадварлаг, уран бүтээлч баг хамт олны дараагийн дуулиант нэвтрүүлэг цацагдахад бэлэн болжээ. Тодруулбал үзэгчдийг орой бүр 25-р суваг телевизийн өмнө уядаг “21000” реалити шоу нэвтрүүлэг ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн гарах юм байна. Энэ удаагийн дугаарт СТА жүжигчин Д.Оюунтуул, “Силк роуд пронтерс” ХХК-ийн захирал, хоолондоо нэвтрүүлгийн mогооч, хөтлөгчөөр үзэгчдэд танигдсан Я.Энхээ нар оролцжээ. Үзэгчдэд мөнгөний үнэ цэнэ, хэмнэлттэй худалдан авалт, зөв зарцуулалтын талаар мэдлэг олгодог, нийгэмд өндөр ач холбогдолтой гэдгээрээ бусад телевизийн нэвтрүүлгээс ялгардаг “21000” шоу нэвтрүүлгийн редактор, сэтгүүлч Б.Зоригтбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Энэ удаагийн “21000” реалити шоу нэвтрүүлэг ямар онцлогтойгоор үзэгчдэд хүрэх гэж байна?

-Сайн байна уу. Үзэгч уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай 25-р суваг телевиз Монголын анхны ардчилсан чөлөөт телевиз гэдэг утгаараа өөрсдийн өнгө төрхийг тодорхойлсон реалити шоу нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэсээр ирсэн. “21000” шоу нэвтрүүлгийн 4-дэх цуврал тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Шоу нэвтрүүлгээр мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх, амьдралын бодит байдлыг илүү харуулна. Тодруулбал өмнөх дугаарт оролцогчид ажил хийгээд ажлынхаа хөлсөнд хоол авч иддэг байсан бол энэ удаа болохгүй. Мөн хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авахдаа үнэ буулгадаг зарчмийг халсан. Хаанаас юу ч худалдаж авсан яг зарагдаж буй үнээр нь буюу зах зээлийн үнээр худалдан авалт хийх ёстой гээд нэлээд өөрчлөлт бий. Ингэснээр бодит амьдралтай илүү ойр болж байгаа юм.

- Мөнгө хэмнээд, хамгийн их мөнгөтэй үлдсэн нь ялагч болдог зарчим хэвээрээ юу?

-Хамгийн их мөнгөтэй үлдсэн нь ялагч болдог зарчим хэвээрээ. Зөвхөн мөнгөө хэмнээд, өлсөөд 10 хоногийг тэсч өнгөрүүлэх биш, бага мөнгө, жаахан хүнсийг хэрхэн яаж зарцуулж, өлсөхгүй, өөрт хэрэгтэй амин дэм өндөртэй хоол хийж идэж, амьдарч болдог юм бэ гэдгийг харуулах юм. Үзэгчдийг тэднээс суралцаасай гэсэн үүднээс, мөн олон нийтэд ач холбогдолтой гэдэг утгаар, энэ удаагийн дугаарт тогооч хүн оруулсан байгаа.

-Шоунд оролцогчид даалгавар биелүүлж мөнгөө өсгөх боломж байгаа юу?

-Мөнгөө өсгөх, үнэ буулгаж худалдан авалт хийх, ажил хийж урамшуулал хүртэх зэрэг бүгд хориотой болсон. Харин сонирхолтой даалгаврууд бол бий. Жишээлбэл үйлдвэрт ажиллаж, хүнд даалгавар гүйцэтгээд, түүнийхээ хөлсөнд 100 грамм будаа, нэг ширхэг өндөг авна. Ингээд 100 грамм будаагаар ямар хоол хийж болох, хөргөгчинд чинь байх ганцхан ширхэг өндөг байвал юу хийж идэх боломжтой зэргийг хоёр оролцогч маань өөрсдийн өнцгөөр харуулна. Мэдээж Жүжигчин Д.Оюунтуулын эсрэг тогооч Я.Энхээ байгаа тэгэхээр илүү сонирхолтой үзүүштэй шоу болсон гэж бодож байгаа.

-Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь “21000” шоу нэвтрүүлэг бэлтгэх явцад мэдрэгдэж байна уу?

- 2014 оны хавар анх “21000” реалити шоу нэвтрүүлгийг санаачлаад хийж байх үед атар талх 800 төгрөгийн үнэтэй байсан харин одоо 1100-1300 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс тэр үеийн 500 төгрөг одоогийн 500 төгрөг хүртэл ялгаатай болсон. Өөрөөр хэлбэл мөнгөний ханш унасан байна. Энэ бүгдийн бодит байдлыг 21000 шоу нэвтрүүлгээс үзэх боломжтой.

-Танай нэвтрүүлэг нийгэмд ямар ач холбогдолтой байна. Хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Мэдээж ач холбогдол өндөртэй байгаа. Наад зах нь бага мөнгөөр, хэрхэн амттай, чанартай хоол хийж идээд яаж мөнгөө хэмнэж болох вэ гэдгийг харуулж байна. Мөн бага орлоготой ч мөнгөө хэмнээд, хуримтлал үүсгэж болдогийг бодитоор үзүүлж байгаа. Манай оролцогчид хүртэл шоунд оролцоод, их зүйл сурсан зөв дадалтай болсон гэж ярьдаг. Жишээлбэл ус уудаггүй байсан хүн тогтмол ус ууж хэвшиж байна \инээв\, хэмнэлттэй худалдан авалт хийж сурсан байна. Зарим мэдээллээс харахад хүн олсныхоо хэрээр үрдэг, мөнгө хэрэглээ учир үрэх ёстой гэдэг ойлголт яваад байдаг. Харин бизнесийн амжилтын ухааны номонд бичсэн болон дэлхийн тэрбумтнуудын зөвлөгөөнөөс харахад ширхэгийг ч хэмнэ, хэмнэж байж хуримтлалыг үүсгэдэг гэсэн байдаг. Тиймдээ ч манай 21000 шоу нэвтрүүлэг бага мөнгийг зөв зарцуулж, хуримтлал үүсгэж болдог гэдгийг харуулна. Мөн 10 хоног үргэлжлэх нэвтрүүлгийн туршид оролцогчийн зорилго, тэмүүлэл амжилтын нууц зэрэг олон сонирхолтой зүйлийг үзэгчдэд хүргэх юм.

Н.Чимэг