Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Нархан” цэцэрлэгийн багш н.Баясгалан гэгч нь гурван настай охиныг түлсэн хэрэг гарсан байна. Бяцхан охин багшаасаа айхдаа ёо гэж ганц ч дуугаралгүй байсаар гэртээ харих зам зуураа аавдаа “Аав аа, миний хөл ёо ёо болоод өвдөөд байна” гэхэд өмдийг нь тайлж үзэхэд хөлийнх нь арьс хууларч, өмдөндөө үрэгдэн наалдчихсан байсан аж.

Энэ тухай маргааш өглөө багшид нь хэлэхэд “Тийм сүртэй түлчихэж үү. Маралмаа уйлахгүй л байсан “ хэмээн хэнэг ч үгүй хариулсан аж. Охины аав, ээж Улаанбаатар хотод ирж, ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт үзүүлэхэд III зэргийн түлэгдэлт гэж оношлогджээ. Энэ түлэгдэлт нь амь насанд нь ч хүрч болохуйц юм байна.

Хүүхдийг ийн оношлоход л багш бүсгүй уучлал гуйж “Би ажилтай байж л хүүхдийн тань түлэгдэлтэд түрхэх эм тарианы мөнгийг төлнө шүү дээ. Намайг ажлаас минь бүү халуулаач” хэмээн цэцэрлэгийнхээ эрхлэгчээр дамжуулан гуйлгажээ.

Ингэсний учир ч юм уу “Нархан” цэцэрлэгийн эрхлэгч өнөөдрийн байдлаар охиныг түлсэн багшийг бус туслах багшийг нь ажлаас халсан тухай тушаалаа аймгийнхаа удирдлагуудад мэдээлсэн байна. Харин охины гэрийнхэн энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.

http://newsmongolia.mn/