1990-ээд оны үеийн залуусын сонсох, дуулах дуртай байсан, өнөө ч дуулагдсаар байгаа "Хайрын сарнай" дууг "T.I" хамтлагийн дуучин Мөөжиг буюу СТА Д.Мөнх-Эрдэнэ шинэчлэн дуулж, дүрсжүүлэн, олны хүртээл болгоод байна. Хэдхэн хоногийн өмнө "Хүсэл биелнэ" цомгоо өлгийдөн авч, сонсогч фэнүүддээ бэлэг барьсан дуучин залуу маань маргааш буюу 12 дугаар сарын 2-ны 19:00 цагт "Тусгаар тогтнолын ордон"-д анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм. Дуучин Мөөжигийн "Хүсэл биелнэ" тоглолтод МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Ч.Амаржаргал, СТА Т.Дэлгэрмөрөн, Б.Болд, Э.Чулуунчимэг нар болон “Outlaw” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх юм байна.

"Найзууд”, “Хувь заяаны галт тэрэг”, “Хайрын сарнай”, "Аж богдын харуул" зэрэг олон сайхан дуу энэ тоглолтод эгшиглэнэ. Дуучин залуу маань хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө уран бүтээлээ туурвисаар явна.

Тэрбээр 2010 оноос бие даан уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд хамгийн анх гаргасан “Хайрын сарнай” дуу нь түүнд улам их урам зориг, эрч хүч хайрласан гэдэг. С.Хүрэлбаатар гавьяатын дуулж олны хүртээл болгосон "Хайрын сарнай" дууг дуучных нь зөвшөөрлөөр дахин амилуулж, шинэчлэн дуулсан нь өдгөө түүний фэнүүдийн сонсох дуртай дуу хэдийнэ болжээ. С.Баттогтохын үг, ая энэ дууны шинэ хувилбарын клипийг "Grove Entertainment"-д хийсэн байна.

Ингээд уншигч та бүхэнд нэгэн эрхэм дуучинд уран бүтээл туурвих их хүч хайрласан "Хайрын сарнай" дууг хүргэе.