Хүдрийн Ил уурхайд 1235 м-ийн төвшинд ашиглалтын шинэ “горизонт” нээжээ. 2015 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусгаагүй ч уул геологийн нөхцөл хүндэрч Баяжуулах фабрикийг чанарын шаардлагатай хүдрээр тасралтгүй хангах зорилгоор шинэ горизонт нээсэн байна. Шинэ “горизонт” нээх болсон шалтгаан нь:
- Баруун хойд талын ордын 1325 м-ийн болон 1310 м-ийн төвшингүүд уурхайн эцсийн хязгаарт дөхөж хүдрийн биетийн зах руу орсноор хүдэр дэх эрдэслэг бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, баяжмал дахь хорт элементүүдийн агуулга, хүдрийн исэлдэлтийн хэмжээ ихэссэнээс Баяжуулах фабрикийн технологийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн.
- Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор хүдэр олборлох хэмжээ нэмэгдсэн.
- 2016 оны уулын ажлын хөрс хуулалт, хүдэр олборлолтын төлөвлөгөө нэмэгдсэнээс бэлтгэл ажлыг хангах болсон.
- Ашигт малтмалын ордыг бүрэн хаягдалгүй ашиглах зэрэг зорилготой юм.

2015 оны 10-р сарын 12-ноос шинэ горизонт нээх өрөмдлөг тэсэлгээний ажил эхэлжээ. 10-р сарын 21-нээс экскаватороор ачих, гүний ус соруулах, зөөврийн насос суурилуулах, зөөвөрлөх, ус цуглуулах зумпфа ухах ажил хийгджээ. 11 дүгээр сарын 11-нд 1235 м-ийн төвшинд хүрч, үндсэн том зумпфыг ухаж дуусгасан бөгөөд суурин насос байрлуулсан байна. Ингэснээр 1235 м-ийн төвшинд уулын ажлыг хэвийн хэмжээнд явуулах бололцоо бүрдсэн аж. Шинээр 1235 м-ийн төвшинг нээхэд Хүдрийн ил уурхайн бүх хэсгүүд өгөгдсөн ажлын даалгаврыг богино хугацаанд амжилттай гүйцэтгэжээ.

Т.БАТЧУЛУУН

- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/production/item/752-1235#sthash.2yw5nB6b.dpuf