Бид энэ удаад улстөр судлаач, философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та бид хоёр урьд өмнө дандаа улс төрийн сэдвээр ярьж байжээ.Харин энэ удаад арай өөр сэдэв рүү хандуулж, бичиж байгаа номоос тань яриагаа эхлэе.

-Би нэг хэсэг улс төр рүү орлоо. Яахав, хүмүүс миний талаар улс төрийн ойлголттой болсон учраас одоо нэг их улстөржихгүй гэж бодож байна. Ер нь хүмүүс хэт их улстөржиж болохгүй. Би өөрөө хэтэрхий их улстөржихгүй гэж бодож байна. Нөгөө талд би өөрийн гэсэн том зорилготой хүн. Энэ нь мэдээж Монгол орноо хөгжүүлэх юм. Монгол орон зүгээр л нэг түүхий эдээ нийлүүлж байдаг тийм ядарсан орон байж болохгүй. Гадаадын том том компаниудад худалдагдаад Африкийн нэг орон шиг болчихож болохгүй. Үүний эсрэг л үйл ажиллагаа явуулна. Энэ ажлын зөвхөн нэг хэсэг нь л энэ улс төр байгаа юм. Цаана нь ард түмнээ соён гэгээрүүлэх, ард түмнээ ухааруулах хэрэг байна. Миний бичиж байгаа ном бол Монголын хөгжлийн асуудалд зориулсан олон асуудлыг гаргаж тавьж байгаагаараа онцлог юм. Монголд олон асуудал байна. Үүний зөвхөн нэг хэсэг нь улс төр шүү дээ. Бас монгол хүнд өөрт нь их асуудал байна. Үүнийг л зөв ойлгуулах хэрэгтэй. Түүнээс биш зүгээр л нэг улстөржөөд байвал чөтөрийн тойрог болно ш дээ.Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч байна. Сонгуульгүй бол болохгүй мэт аашилж байна. Үүний цаана чинь монгол юмаа монголоор нь авч үлдэх хэрэгтэй. Бидний зорилго бол улстөр биш шүү гэдгийг л энэ номоороо би тайлбарлаж байна. Нийгмийн дунд яваа мухар сүсгээс эхлээд юу эс байх вэ бүгдийг л бичсэн.

-Мухар сүсэг гэснээс манайд бүхий л шашны урсгал ороод ирчихжээ. Энэ талаар юу гэж бодож байна?
-Манайд олон шашин орж ирснээс гадна ерөөсөө шашны диктатур бий болчихсон. Төр нь үүнийгээ зохицуулж чадахгүй байна. Парламент нь ч парламент биш юм байна. Үндсэн хууль нь ч үндсэн хууль биш юм байна гэдгийг өнөөдөр хүмүүс олоод харчихсан. Энэ Монголд ерөөсөө болж байгаа юм нэг ч алга.

-Одоо тэгээд энэ олон болохгүйг яаж цэгцлэх вэ?
-Хамаг муу муухайгаа харчихсан , гутраад суугаад байж болохгүй. Өнгөрснөө эргэж хараад одоо цаг дээр алдаа оноогоо шүүгээд ирээдүйгээ харчих хэрэгтэй. Миний номонд энэ бүгдийг тодорхой өгүүлсэн байгаа.Энэ бол нийгмийн филорсофийн шүүмжийн ном байгаа юм. Одоо бид нар алийн болгон түүх дурсамжаа ярьж түүний хооронд амьдрах вэ. Одоо үүнийгээ хаяад урагшаа явах хэрэгтэй.

-Уучлаарай, түүх дурсамжгүйгээр явна гэвэл бас өрөөсгөл биш үү?
-Түүх заншил бол бидний дурсан санах, биднийг хэн бэ гэдгийг харуулдаг баримт бичиг юм. Энэ бол өнгөрсөн хуучин зүйл.Гэтэл нийгмийн хөгжил гэдэг чинь шинэ зүйлийг шаарддаг байхгүй юу. Тэгэхээр өнгөрсөнтэй зууралдах хэрэггүй.

-Уламжлалгүй бол яах вэ.Нийгмийн нэг үнэт зүйл мөн биз дээ?
-Бид амралт чөлөөт цагаараа уламжлал дурсамжаа яриад суулгүй яах вэ. Гагцхүү бидний өмнө маш том бүтээн байгуулалт хүлээж байгааг мартаж болохгүй. Маш их зүйл хүлээж байна шүү дээ.

-Гэхдээ хуучнаа хаяна гэж байхгүй биз дээ ?
Хуучин дурсамж гэдэг бол биднийг зөвхөн баярлахад л хэрэгтэй. Дурсан санахад л хэрэгтэй. Хуучнаар бид юуг ч бүтээн босгож болохгүй. Тэр чинь өнгөрчихсөн. Хэдэн зууны өмнө өнгөрсөн зүйл. Гагцхүү улс орон чинь хөгжих ёстойг л санах хэрэгтэй. Гэхдээ хөдөө гараад хуучинсагаараа амьдарч болно. Хуучинтайгаа үргэлж зууралдаад амьдарч болно. Энэ бол хувь хүний асуудал.
Түүнээс биш нийгэмд ийм хуучинсаг байдлаар хандаж болохгүй. Нийгэм чинь өөрөө үргэлж шинэ зүйлийг шаарддаг. Энэ Улаабаатар чинь зан заншлын, уламжлалын хот болчихож болохгүй. Шинэ цагийн хот байх ёстой. Гэрэл гэгээ гээд л бүгд л шинэ зүйлийг шаардаж байна. Хуучнаараа, уламжлалтайгаа байна гэж байгаа бол гэртээ хамаатан саднаа цуглуулаад уламжлалаа хийж болно ш дээ. Харин нийгэмд хэзээ ч ингэж хандаж болохгүй. 10 жилийн сургууль , их дээд сургууль ерөөсөө ийм байж болохгүй.

-Нийгэм ийм тийм байна л гэнэ. Энэ яах вэ. Харин энэ ертөнц өөрөө хаашаа яваад байна ?
-Ертөнц яг  манай Монгол шиг бас л хөлөө олох гээд байна шүү дээ. Ертөнц дээрх хуучин бүх юм нуран унаж байна. Хуучин бидний сайн гэж хэлж байсан зүйл өнөөдөр хэрэггүй болжээ. Энэ байдалд л бид нар өөрсдийгөө шинээр тодорхойлох болчихоод байна. Ертөнц бас л шинэ зүйл рүү явж байна. Хүн гэж ер нь эмнэлгийн бүтээгдхүүн юм уу,эсвэл бие даасан бодьгал юм уу. Эсвэл санхүүгийн эх үүсвэр бүрдүүлдэг обьект юм уу гээд нэг тодорхойлмоор байна ш дээ.

-Хүн гэдэг амьтан нийгмийн чухам ямар бүтэгээгдхүүн юм. Та юу гэж тодорхойлох вэ?
-Хүн хэрэгтэй үед хэрэглээд хаячихдаг тийм багаж хэрэгсэл байж болохгүй. Хүн гэдэг чинь их эрхэм зүйл. Хүн чинь өөрийн гэсэн намтар түүхтэй, адал явдалтай, аав ээжтэй тийм эрхэм зүйл. Өнөөдөр траншейнд байгаа хүн, компанийн захиралтай адилхан л мөрөөдөж суудаг. Нийгэм тэр хоёрыг хоёр өөр газар аваачаад тавьчихсан хэрэг. Түүнэс биш тэр хоёр хоёулаа адилхан эхээс нүцгэн ирсэн, буцахдаа адилхан л нүцгэн буцах болно.Хүн гэдэг амьтан энэ хоёр нүцгэний дунд л хоолтой ундтай, хувцастай явдаг юм байна.Энэ хооронд нэг нь өндөр байшинд амьдарч нөгөө нь намхан байшинд амьдардаг юм байна. Зарим нь траншейнд амьдардаг юм. Харин хэн нь аз жаргалтайг мэдэхгүй. Траншейнд байгаа хүн ч аз жаргалтай л байгаа шүү. Их хөрөнгөтөй гэдгээрээ хүн аз жаргалтай биш шүү. Харин ч түүндээ шаналж явдаг. Шөнө унтаж чадахгүй хүйтэн хөлс нь цутгаад унтаж чаддаггүй нөхдүүд ч бий. Тэгэхээр бид нар өнөөдөр амьдралыг шинээр тодорхойлох, хэнийг аз жаргалтай гэх юм, хэнийг мундаг гэх юм гээд асуудал байна шүү.

-Нэгэнт л нийгмийн хөгжил,түүний философийн талаар ярьж байгаа болохоор өнөөдрийн оюутнуудын сургалтын чанар багш нараас эхлээд зөндөө зүйлийг хөндөж ярих хэрэгтэй болно.
-Багш гэдэг хүн тэнд сурч байгаа оюутнуудад номчирхоод заагаад байхдаа гол нь биш. Тэр хүнд ямар авьяас байна,юу чадах юм, ямар салбарт амжилт гаргах уу, гэдгийг олж нээдэг байх хэрэгтэй. Ерөөсөө л бие даасан хүнийг бий болгох хэрэгтэй. Түүнээс биш массаар нь машиндаад диплом өгөхдөө гол нь биш. Хоёрдугаарт тэр багш гээд байгаа тэр хүмүүс хаанаас тэр мэдлэгээ олж авсан юм. Үнэхээр тэр хүний яриад байгаа зүйлийн баталгаа нь хаана байна эгдэг асуудал бий. Манай багш нарт нэг аюул бий. Их сургууль дээр жишээ авахад тэдний ярьж байгаа зүйл нь мэдлэг мөн үү биш үү гэдгийг ялгахад хэцүү. Өөрийнхөө санаанд орсон зүйлийг ярьдаг байхгүй юу. Өөрийнхөө үнэмшчихсэн алдаатай үнэмшлүүдээ ярьж байж магадгүй. Их осолтой. Сүүлийн 20 жилд Их сургуулийн багш нарт мэдлэг боловсролоо дээшлүүлчих боломж байсангүй. Өнөөдөр социализмын үеийн хэдэн хуучин номоо барьчихсан л зогсож байгаа биз дээ. Аливаа улс орны мэдлэг боловсрол, соён гэгээрэл бол Их сургуулиас гарах ёстой.Гэтэл манай Монголын Их сургууль чинь мэдлэг гаргадаг сургууль биш болчихсон байхгүй юу. Нийгмээсээ хоцрогдчихсон.Их сургуулийн багш нар оюутнуудаасаа хоцорчихсон байна .Ийм л аюулд оорчихоод байна.

-Тэгэхээр яах вэ?
-Харин яах вэ? Их сургуулийг хаагаад төр өөрөө мөнгө өгөөд гадагшаа сургах л зам бий. Түүнээс биш бид нар энд нэг их сургууль нэртэй байшинд ийм бантан хийж болохгүй. Ямар ч утгагүй. МУИС-ийн хаалгыг өнөөдрөөс эхлээд хаачих, ийм сургуулиар яадаг юм. Ингэж залуучуудын тархийг угааж алаад яахав ээ. МУИС гэмт хэрэг үйлдэж байна. Хайран залуусыг үрж байна даа. Эд нар гэмт хэрэгтэнгүүд шүү. Ялангуяа Их сургуулийн хоёрдугаар байр бол аюултай. Түүх, социологи, улс төр шашнаар өөрсдийгөө нэрлэсэн тэр нөхдүүд үнэн аюултай. МУИС-ын хоёрдугаар байрыг бүр өнөө орой хаалгыг цоожилмоор байна. Тэгэхгүй бол эндээс хагас дутуу мэдлэгтэй нөхдүүд гараад төрийн чухал албан тушаалд очиж байна. Ингээд сургаж байгаа нь ч гэмт хэрэгтэн, сурч байгаа нь гэмт хэрэгтэн болж байгаа юм. Ингээд л Монгол чөтгөрийн тойрогт орчихож байгаа юм.Тэгэхээр манай төрд тэр чигээрэээ гэмт хэрэгтэнгүүд сууж байна. Эд нар аврах биш ална шүү дээ. Баллаад өг гэж диплом өгөөд байхад өөр яах вэ дээ.

-Ерөөсөө оюуны үүр уурхай байх ёстой сургуулиас ийм тахир дутуу мэдлэгтэнүүд гарааад байхад яаж улс хөгжих вэ. Чухам ямар арга хэмжээ авбал зохилтой юм бол ?
-Уг нь энэ асуудлыг бүр УИХ-аар оруулах ёстой юм. Их сургуулийн хэдэн захирлуудыг авчирч шалгах хэрэгтэй. Гэтэл тэнд сууж байгаа нөхөд нь юун шалгах вэ, өөрсдийнх нь бүтээгдхүүн болчихоод байна. Х.Тэмүүжин гэхэд л С.Нарангэрэлийн бүтээгдхүүн. Тэгэхээр яаж гэмт хэрэгтэнгүүд гэмт хэрэгтнээ шалгах билээ. Ийм л байдалтай байна .Ийм байхад яагаад ч урагшлахгүй л дээ. Харин нэг хаантай л байх хэрэгтэй.Тэр хүн гарч ирж байж л энэ бүгдийг цэгцэлнэ үү гэхээс өөр арга алга. Бидэнд одоо диктатур хэрэгтэй. Диктатуртай Ерөнхийлөгч гарч ирж байж сая цэгцэрнэ.

-Монгол Улсын хөгжлийг урагшлуулах шаардлага зүй ёсоор тулгарч буй. Чухам яг юунаас эхэлж цэгцэлбэл дээр вэ ?
-Юуны өмнө хүн бүр иргэн болох ёстой. Иргэн байна гэдэг чинь хоолтой, гэр оронтой, ажилтай байх ёстой. Үүнийг өнөөдрийн парламент хийж чадахгүй. Одоогийн төр, компаниуд хийж чадахгүй. Үүнийг хатуу гараар л хийнэ. Яг л социализмд хийж байсан шиг л хийх хэрэгтэй. Хүчээр байртай, ажилтай болгох хэрэгтэй. Энэ хэдэн луйварчдаас хурдан салах хэрэгтэй.

-Луйварчдаас сална гэдэг амаргүй байх.Тэд нар чинь тийм ч амар байр сууриа тавьж өгөхгүй ш дээ.Тэгэхээр буудалцах уу яах вэ?
-Зориудаар биднийг хөгжлөөс холдуулж, өлсгөж зовоож байгаа улс шийтгэлээ хүлээх хэрэгтэй. Америкчууд Бен Ладенг хөөж очоод дэлбэлчихсэн болж л байна шүү дээ. Яг л үүн шиг дэлбэлэх хэрэгтэй. Гэмт хэрэгтэнгүүдийг ёсоор нь болгох хэрэгтэй. Монголын эрмэлзлэлд хэн саад болж байна. Тэр баяртай.

-Өнөөдөр гудамж талбайд жагсаж тэмцэж байгаа ч үр дүн гарахгүй байна. Цаашид яах вэ?
-Бид тодорхой нэг зорилгын төлөө тэмцэж байна. Тэгэхээр энэ зорилгод нэгэнт хүрэхээс л хойш тэмцлийн бүх хэлбэрийг сонгох хэрэгтэй болно. Зорилго аливаа зүйлийн хар бурууг цагаатгадаг юм.

Дэлгэрэнгүйг энд  дар
С.Ууганбаяр