Найз бүсгүйгээ хэрцийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж шүүгчид шийдвэрээ гаргахаар завсарлага авлаа.

Анхан шатны шүүхээс түүнийг найз охиныхоо амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон гэж үзэж, 3 жилийн хорих ял оноосон юм. Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар тус шүүх талийгаачийн гэрийнхний гаргасан гомдлыг хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр Г.Алтанхүүгийн хэргийг дахин шалгаж, ийнхүү шүүхэд шилжүүлсэн аж.

Шүүх хурлын үеэр сэжигтэн Алтанхүү "Би гэмшиж байна. Миний хоригдсон хугацааг оруулаад Өршөөлийн хуулинд хамруулж өгөөч гэж хүсмээр байна. Хохирогчдоос нэхэмжилсэн 22 сая төгрөгийн хохирлыг барагдуулах болно" хэмээжээ. Тэрбээр 2013-2015 оны хооронд хоёр жил саатуулагдаад байгаа юм.

Н.Чимэг