Энэ сарын 2-нд Яармагийн төмөр гүүрэн дээр Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Ослын улмаас Яармагийн түр төмөр гүүрэнд эвдрэл гарсан тул гүүрийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан юм. Хуучин төмөр бетон гүүрийг хоёр чиглэлийн хөдөлгөөнтэй болгосон юм. Нэг талын гүүр хаагдсанаар өглөө, оройдоо ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсээд байгаа юм.

Засварын ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хийж байгаа юм. Тус нэгтгэлээс засварын ажлын талаар тодруулхад "Энэ сарын 2-ноос засварын ажлыг эхэлсэн. Уг төмөр гүүрийг тавьсан компанийн ерөнхий инженерийн зөвлөмжийн дагуу засварын ажлаа хийж байгаа. Дам нуруу болон хашлага эвдэрсэн засварын ажил их байгаа. Хэдийд дуусах талаар сайн мэдэхгүй байна. Аль болох хурдан хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж байгаа" гэсэн юм.

Т.Буянаа