Долоо хоногийн онцлох үйл явдлын тойм
2015/12/05
АН дотроо бужигнаатай байгаа нь олны анхаарлыг татав. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн лоозондож Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг унагаж оронд нь заларсан Ч.Сайханбилэг Оюутолгойг барьцаалж гаднаас их хэмжээний хөрөнгө босгосон ч өнөөдөр ард түмний амьдрал дээшилсэнгүй.
АН дотроо хөлөө жийлцэлж байгааг хотын дарга Э.Бат-Үүлийн УИХ-ын гишүүн Х.Баттулгын талаар хэлсэн хэдэн үгнээс харагдсан. Ингээд удаагүй байтал Дархан хотын АН-ынхан нударгаараа халз үзсэн нь олныг гайхашруулаад авлаа. Дархан Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш аймгийн ИТХ-ын бусад гишүүдтэй үл ойлголцол хүрснээс маргаан эхэлжээ. Энэ хэрэг явдалаас үүдэн Дарханыг Дашууд сүйтгэж байна хэмээн Мөнхдашийн бусад хамсаатан Дашуудыг хамруулан ярих болжээ.
Илүү дэлгэрэнгүй бичлэгийг эндээс үзээрэй
Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүү суллагдлаа
Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүг шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Түүнд Эрүүгийн хуулийн 98.1, 100.1, 107.3-д зааснаар ял оноолоо. Тодруулбал Эрүүгийн хуулийн 98.1-д заасны дагуу 3 жил, 100.1-д заасны дагуу 2 жил, 107.3-д заасны дагуу 5 жилийн хорих ял буюу тус зүйл ангиудын дээд хэмжээг оноосон юм. Улмаар түүний хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцов. Харин ялын үлдсэн хугацааг өршөөлийн хуульд хамруулж, өнөөдөр суллаа. Г.Алтанхүүд эрүүгийн хуулийн 98.1, 100.1, 107.3 –д зааснаар ялласан бөгөөд тус зүйл ангиудыг тодруулбал,
98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
100 дугаар зүйл. Тарчлаах
100.1.Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сархүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
107 дугаар зүйл. Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх
107.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Эдийн засаг хүчээ авах шинж алга. Монгол улсын эдийн засаг хэзээ хөл дээрээ босох вэ гэх асуултыг тээгчид олон байна. Он гараад эдийн засаг дээрдэж, төгрөг чангараасай. Алийн болгон ноён ногоонд дарлуулж эдийн засгаа хумуулж байхав. Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас нэг ам.долларыг 1995 төгрөгтэй тэнцүүллээ. Арилжааны банкууд 1988-1992 төгрөгөөр авч, 1997-2000 төгрөгөөр зарж байгаа юм. Харин валют арилжааны төвүүдэд 1996-аар аваад 1998 төгрөгөөр борлуулж байна.
Улсын маань эдийн засаг хүчээ авахаа болилоо гээд хэлчихэд буруутахгүй биз ээ. Үүнийг ч эдийн засагчид олонтаа хэлж буй. Ирэх оны төсвөө батлахдаа иргэд рүү л чиглэсэн таналт хийсэн болохоос дорвитой хэмнэх горимыг хийгээгүй. Мөн ирэх он гараад төсвийн тодотголоо хийгдэх нь ойлгомжтой болсон. Энэ талаар эдийн засагч Даваадорж " Төсвийг харахаар хувь хүмүүсийн орлогод шууд нөлөөлж болох хэсэгт таналт хийгээд байна. Тухайлбал, цалин, ажилчдын тоог бууруулах байдлаар. Энэ бол зөв арга биш. Эдийн засаг, улс орны хөгжил иргэндээ чиглэсэн байх ёстой. Гэтэл эдийн засгийн өсөлтийг хуурай тоо болгохын тулд хийгээд байгаа нь нөхцөл байдлыг сайжруулахгүй ээ" гэж өөрийн зүгээс үнэт зөвлөгөөгөө өгсөн байх юм.
Гэтэл манай нөхдүүд эдийн засагчдын үгийг сонсох тэнхээ алга бололтой. 2016 оны төсвийн орлого 7 их наяд 19.9 тэрбум төгрөг, зардлага 7 их наяд 954.4 тэрбум төгрөг байхаар батлагдсан юм. Харин алдагдал нь 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.3 хувьтай байхаар баталсан. Энэ нь 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад нэг их наяд орчим төгрөгөөр илүү үзүүлэлт болж байгаа юм. Гэхдээ хөрсөн дээр буугаад ирэхээрээ жил жилийн төсөвт тодотгол хийдэг.
Түүнчлэн цалингаа нэмэхгүй гэх. Угтаа цалинг нэмж байж гэмээн дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр босно. Үүнээс харахад эдийн засгийн цикл задрах боломжгүй болчихоод байгааг харж болно. Үүнээсээ улбаалж нөгөөх ноён долларын ханш өснө. Долларын ханш өндөр байвал гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой.
Төгсцогт 4 дэх ялалтаа авлаа. Мэргэжлийн бокст хүч үзэж буй Төгсцогт энэ сарын 03-нд Мэргэжлийн боксын 4 дэх тулаанаа хийлээ. Тэрбээр өрсөлдөгчөө 2-р раундад хүнд цохилтоор ялсан юм. Ингэснээр түүний мэргэжлийн боксын карьерийн эхний 4 тулаандаа бүгдэд нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж, гайхалтай эхлэлийг тавиад байна.
Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдлаа. УИХ энэ сарын 04-нд Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. Төслийг 2014 оны нэгдүгээр сард УИХ-ын долоон гишүүн өргөн мэдүүлсэн байна. Энэхүү хуулиар ахмад настны болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гэр бүлийн хоёрын аль нэг нас барсан тохиолдолд үлдсэн нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох боломж бүрдэж буй юм.
Нас барсан иргэний гэр бүлийн хүнд тэтгэврийнх нь хэдэн хувийг олгохыг Засгийн газар тогтоох бөгөөд 20-иос доошгүй байхаар хуулинд тусгажээ. Үүнд жилд дунджаар 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тооцжээ. Ингэхдээ 15 дээш жил хамтран амьдарсан, 20–оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэврийн насны иргэдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох юм. Энэ хуулийг баталснаар халамж эсвэл тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж ойлгох нь буруу гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцлон хэлэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй иргэн халамжийн тэтгэвэр авдаг аж. Хууль батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг хангах хүрээнд журмууд батлагдах бөгөөд судалгаа, тооцоолол зэрэг бэлтгэл ажлыг хангаснаар Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдах иргэдийн тоог салбарын яамнаас нэгтгэн гаргах юм байна.
Мөн хамтын тэтгэвэр авах иргэн тэтгэврийн насанд хүрээгүй бол таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэж олгохоор заажээ. Хамтын тэтгэврийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Монгол Улсад 240 мянга орчим иргэн бүрэн тэтгэвэр авдаг бол 100 мянга гаруй иргэн халамжийн тэтгэвэр авдаг
Хуулийн үйлчлэх хүрээ
-Гэр бүл болсноос хойш 15 дээш жил хамт амьдарсан эхнэр, нөхөр. Мөн эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол Улсын иргэн бүрт энэ хууль үйлчлэх аж.
-Мөн 15 дээш жил хамт амьдарч гэр бүлээ баталгаажуулсан байх шаардлагатай.
Дараах тохиолдолд хууль үйлчлэхгүй
-Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй иргэдэд хууль үйлчлэхгүй юм байна.
-Гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт үйлчлэхгүй.
-20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй ажээ.
-20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэдэд Хамтын тэтгэврийн тухай хуульд хамаарахгүй юм байна.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа