“Гурван гал” худалдааны төвийн үүднээс 1 метр ч хүрэхгүй зайд буюу авто зогсоол байсан үүдний хэсэгт барилгын хашаа барьжээ. Тодруулбал “Улаанбаатар хотын банк”-наас өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 6-ны шөнө 10 –аад машин, 40-өөд хүний хамгаалалттайгаар ажиллаж уг хашааг барьсан аж.

Хашаа барихын өмнөхөн “Гурван гал" худалдааны төвийн захиргаанд “Улаанбаатар хот”-ын банкнаас албан бичиг ирсэн байна. Уг албан бичигт “Танай урд талбайд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу ирэх 2016 онд эхлэх барилгын хашаа барих гэж байна” гэжээ. Уг нь шинээр баригдаж буй барилгын өндрөөс хамаараад барилга хоорондын зай хэр хэмжээтэй байхыг хуульд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл 2-4 давхар барилгууд хоорондоо 15 метрийн зайтай байх ёстой бол 5-9 давхар нь 21-30 метр, харин 16 давхраас дээш барилга барих бол барилга хоорондын зай 45 метрээс доошгүй байна гэжээ. Харин шинээр баригдах гэж буй “Улаанбаатар хотын банк”-ны барилга 26 давхар гэж төлөвлөгдөж байгаа боловч хажуу дахь барилгаасаа ердөө 1 метрийн зайд баригдах болчихоод байгаа юм.

Энэ талаарх зарим зүйлийг “Гурван гал трейд”-ын ТУЗ-ын дарга Ц.Ганхуягаас тодрууллаа

-Барилга хоорондын зай буюу Хот төлөвлөлтийн тухай хууль,дүрэм зөрчин танай худалдааны төвөөс1 метрийн зайд барилга баригдах гэж байна. Танай байгууллагын зүгээс “Улаанбаатар хотын банкинд хандаж эсэргүүцэл үзүүлсэн үү?

-Өчигдөр шөнө барилгын хашаа барьчихсан байна. Бид уулзаж, хэлж ярьж амжаагүй байна. Барилгын хашаа барина гэсэн албан бичиг ирж байсан. Ямар ч байсан барилга барих гээд хашаа босгочихсон байхыг бодоход газрын зөвшөөрөлтэй байх гэж бодож байна. Гэхдээ энэ яав ч хууль ёсны биш. Хотын төвд байрлах энэ зэргийн том газрыг дуудлага худалдаагаар хүртэл оруулаад байгаа. Үүнийг лав дуудлага худалдаанд оруулаагүй. Саяхан яг ийм хэмжээтэй газар 24 тэрбумаар зарагдсан. Тэгэхээр энэ их үнэтэй газар байж таараа. Улаанбаатар хотын банкинд энэ газрыг хэн гэдэг хүн, хэзээ яагаад өгөв гэдэг асуудал үүснэ. Би бодохдоо сүүлийн хоёр жилд л хууль бусаар олгосон байх гэж бодож байгаа. Түүнээс өмнө ийм зөвшөөрөл өгөөгүй байх.

-Энэ барилга танайд ямар хүндрэл учруулахаар байна вэ?

-Манай “Гурван гал” худалдааны төвөөр өдөртөө 40-60 мянган хүн үйлчүүлдэг. 80 гаруй түрээслэгчид бий. 250-300 хүн энд байнгын ажиллаж байна. Улаанбаатар хотын банкнаас 26 давхар барилга барих гэж байгаа гэх мэдээлэл бий. Хэрэв 26 давхар барилга бол доод тал нь 45 метрийн зайд барих ёстой гэтэл 1метрийн зайд барина гэдэг юу гэсэн үг вэ. Манай хаалгыг хаагаад нар салхи оруулахгүй, ажилчид, үйлчүүлэгчдийн тав тух, зэрэг олон асуудал яригдана. Худалдаа үйлчилгээний төвийн хаалгыг хааж барилга барина гэсэн нь хуульд нийцэхгүй. Бид холбогдох хууль хяналтын байгууллагад хандана. Энэ яав ч хууль ёсоор олгосон газар биш.

-Одоогоор энэ газрын талаар холбогдох байгууллагад хандсан уу?

-Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргасан байгаа. Ажлын 30 хоногт багтааж, хариу өгөх ёстой. Энэ хугацаанд багтаад хариу ирэх байх. Мөн бид холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандаж,тэмцэнэ.

Н.Ганаа