Хүн амнаасаа давсан малтай улс бол МОНГОЛ. Тэгсэн хэрнээ махны үнэ хаданд гардаг. Тэгвэл энэ жил махны оронд "хуушуур"-ны үнэ хаданд гарчээ. Учир юу гэвэл, махны үнэ өнгөрөгч сарын сүүлээр буурч эхэлсэн бол энэ сард огцом уналтанд ороод байгаа юм.

 

Өнгөрөгч долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5520 төгрөгийн үнэтэй зарагдав. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр буурсан,

Үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөг, хонины цул мах 50 төгрөгөөр тус тус буурсан гэж статистикийн хорооноос мэдээлсэн юм. Тэгвэл мах хамгийн хямд худалдаалагддаг Дэнжийн мянга зах дээр хонь, адууны мах кг нь 2800, ямааны мах их авбал 1700, үхэр нэг кг нь 3800 төгрөгөөр борлуулж байна. Харин малчдаас махны ченж нар ямааны махыг нэг кг нь 800-1000, адууны махыг 1800-2300, үхрийн махыг 2800 төгрөгөөр авдаг аж.

Ийнхүү махны үнэ огцом буурчихаад байхад харин цайны газруудын ширхэгийн хоолны үнэ буурахгүй байгаа юм. Тухайлбал, багшийн дээд орчмын цайны газруудад хуушуурыг 1000-1500 төгрөгийн үнэтэй зарж байгаа бол ресторанд таван ширхэг хуушуур, багахан хачиртай 7000-12000 төгрөгийн үнэтэй.

Эндээс харахад манай улсад өссөн үнэ эргэж буудаггүй гэдгийг тод харж болно. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш өсөхөд дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй. Эргээд долларын ханш буурахад нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ буурна гэж үгүй. Эдийн засгийн урвуу тогтолцоо гэж үүнийг л хэлэхээс өөр яахав.

 

 

Х.Даваа