Монголыг минь ирээдүйд авч явах үр хүүхэд минь хаашаа хөтлөгдөж байна даа гэх эргэцүүлд автлаа.

Сүүлийн жилүүдэд хүүхэд оролцсон гэмт хэрэг буурахгүй өссөөр байна. Энэ оны аравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 60 буюу 6.9 хувиар нэмэгдэж. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2015 оны эхний 10 сард улсын дунджаар 118 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 буюу 0.9 хувиар нэмэгдсэн байна.

Нас биеэнд хүрээгүй тэд ахуйн хэрэглээний газ, шар цавуу үнэрлэж мансуурах явдал ч буурахгүй байгаа юм. Дунд сургуулиа ч төгсөж амжилгүй хулгай хийж, мансуурч буй нь аюулын харанга хэдийнээ дэлдсэнг илтгэнэ. Гэтэл өдгөө эцэг, эхчүүд үр хүүхддээ тавих хараа хяналтаа сайжруулахгүй байгаа нь харамсмаар.

Саяхан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна гэсэн мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст иржээ. Уг мэдээллийн мөрөөр тус албаныхан шалгалт явуулж нэгэн сургуулийн төгсөх ангийн Г, Т, X гэх гурван сурагчийг мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамлын төрөлд ордог каннабис хэрэглэж байсныг тогтоосон байна.

Тэд 17-18 насныхан байсан бөгөөд каннабисыг хууль бусаар олж авч хадгалдаг байжээ. Сурагчдад Эрүүгийн хуулийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Хар тамхийг анх удаа хэрэглэж үзсэн 100 хүний зөвхөн хорь нь л хар тамхины тухай бодлоо бүр мөсөн орхиж чаддаг гэнэ. Харин үлдсэн наян хүн нь хар тамхинд татагдан ордог байна. Гэтэл эдгээр хүмүүсийн дийлэнх нь 18-25 насны өсвөр насныхан байдаг нь хамгийн харамсалтай юм. Тэд хар тамхины хор хөнөөлийг мэдэхгүй гэхээсээ илүү бусдын нөлөөнд автаж хар тамхинд ордог гэж мэргэжилтнүүд хэлэв.

Бага, өсвөр насандаа тамхинд орсон, мансуурсан хүүхдийг тамхинаас гарахад маш хүнд байдгийг олон улсын судлаачид гаргаж. Тухайлбал, АНУ-ын Хүүхэд залуусыг тамхидалтаас хамгаалах нийгэмлэгээс тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө татаж эхэлсэн байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин 25 наснаас хойш тамхинд ороод байх нь ховор гэсэн олон улсын судалгаа байдаг .

Эрүүл мэнд, амь нас, эдийн засгийн хувьд сөхрөөгөөд зогсохгүй хуулийн өндөр хариуцлагатай хар тамхины хэрэгт холбогдогсод жил бүр нэмэгдсээр байгаа нь монголын минь хойч үеийг хаашаа хөтлөөд байна хэмээн сэтгэл түгшин бодохгүй байхын арга алга.

 

Х.Даваа