Монголын Залуучуудын холбоо нь “Хулгайчгүй Монгол” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл энэ хүрээнд МЗХ, Монголын сурагчдын холбоо хамтран Ерөнхий Боловсролын Сургуулийн X-XII ангийн сурагчдын дунд “Хулгайчгүй Монгол” сэдэвт эссэ бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Оюунлаг дунд сургуулийн 10б ангийн сурагч О. Хүслэн,

38 дугаар сургуулийн 11б ангийн сурагч М.Маргад-Эрдэнэ, 33 дугаар сургуулийн 12е ангийн сурагч Э. Мөнхбаяр нар эссэ бичлэгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн бол гар зургийн уралдааны шилдгээр 32-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Энхнаран, 51-р сургуулийн 11б ангийн сурагч Э.Марал, 21-р сургуулийн 12д ангийн сурагч Н.Мөнхнаран нар тус тус тодорлоо.

Тус уралдаанд ахлах ангийн сурагчид идэвхитэй оролцож 200 орчим бүтээлээ ирүүлснээс 2 дугаар шатанд шалгарсан шилдэг 50 сурагчийн бүтээлээс ийнхүү шилгүүд тодорч байгаа юм.

Сурагчид бүтээлдээ өнөөгийн нийгмийн өнгө төрхийг өөр өөрсдийн өнцгөөр илэрхийлсэн бөгөөд цаашид энэ нийгэмд шударга бус байдал, хулгайч сэтгэлгээ үгүй болсноор бидний ирээдүй сайхан болно гэдгийг онцгойлон тусгажээ.

Цаашид “Хулгайчгүй Монгол” сэдэвт эссэ бичлэг болон гар зургийн уралдаанд ирүүлсэн 200 гаруй бүтээлүүдийг ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулна.