“Улаанбаатар хотын банк” ХХК-нь маш олон хууль, дүрэм зөрчин газар авч, Сарны титэмийн баруун тал буюу Гурван гал худалдааны төвийн авто зогсоол байсан газарт барилга барихаар зэхэж байгаа билээ. Тэнд барилга баригдвал авто зогсоолгүй болж, барилга хоорондын зай хэтэрхий ойр, мөн ард нь байх аж ахуй нэгжүүдийн цонхоор нар тусах боломжгүй болох зэрэг сөрөг талтай юм.

Эндээс харахад хотын түгжрэл, тооцоо судалгаагүй баригдсан барилгуудын асуудал зэрэг зүйлийг Э.Бат-Үүл дарга өөрөө бие болгочихоод, өөрийнхөө хийсэн гай гамшигтай, өөрөө тэмцэж, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг хүн гэж харагдаж байна.

Учир нь хотын А бүсэд газар ашиглах, өмчлөх, эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын тушаалаар олгодог аж. Улаанбаатар хотын банкны уг газрыг мөн л Э.Бат-үүлийн гаргасан тогтоол шийдвэр, гарын үсгээр эзэмшүүлэхээр болсон байгаа юм.

Энэ мэтчилэнгээр авто зогсоолгүй болдог, машин түр тавих газрыг жолооч нар хайгаад, хаанаас ч олдоггүй. Ингээд л иргэд замын хажууд машин тавьж, торгуулаад, халаасан дахь хэдээ өгөөд туучихна. Тэгвэл энэ машин ачдаг бизнесийг цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд ийнхүү олон нийтийн авто зогсоолын талбай буюу Нийслэлийн өмчит газрыг хувийн бизнесменүүдэд өгчихөж байгаа юм байна.

Уг газарт “Улаанбаатар хотын банкны” барилга барина гэж байгаа ч 26 давхарт бүгдэд нь банкны ажилчид лав суухгүй байж таарна. Өөрөөр хэлбэл нэг хоёр давхраас бусдад нь бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж таараа. Тэгэхээр Улаанбаатар хотын банк гэх нэрийдлээр хэн гэж бизнесийн бүлэглэлийн ажил бэ гэх асуудал урган гарч байгаа юм.

Тэгэхээр “Улаанбаатар хотын банк” хэмээх ХХК-ын түүхийг дахин сөхөх хэрэг гарна. Энэ банкийг хамгийн анх 1998 онд Улаанбаатар хотын хөрөнгөөр босгож, аажмаар хөрөнгө босгосон хувь хүмүүст шилжүүлсээр өдий хүрсэн түүхтэй. Одоогоор “Улаанбаатар хотын банк”-ны 80 хувийг “сахал” хэмээх хочит Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. Түүнийг олон нийт бараг танихгүй, харин бизнесийн хүрээнийхэн Х.Баттулгын хүн гэдэг. Тодруулбал Женко гишүүн өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдаагүй, нууц компаниудаа түүний нэр дээр байршуулдаг юм гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм. Мөн Д. Эрдэнэбилэг нь Х.Баттулгатай хамт ганзгын наймаа хийж байсан үй зайгүй найзынх нь нэг бөгөөд УИХ-ын гишүүн асан Бадамжунайн хүргэн.

16 давхраас дээш барилга хоорондын зай 45 метр байх ёстой ч ганцхан метрийн зайтайгаар, дүрэм зөрчин барига барих уг газрыг “Улаанбаатар хотын банк” 5 жил эзэмших эрхтэй юм билээ. Тэгэхээр 5 жилийн дараа 26 давхараа нураагаад авна гэсэн үг үү. Энэ мэтчилэн хуулийг эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс л зөрчиж байна. Улаанбаатар хотын банкинд 0.3 га буюу 3000 метр квадрат газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын 2013 оны А/1050 тогтоолоор олгосон байгаа. Ингээд барилга барих зөвшөөрлийг 2015 оны 09-дугаар сарын 30-ны Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар шийдвэрлээд өгчихсөн байна. Тиймээс тэнд барилга барих эрх Улаанбаатар хотын банкинд оччихсон. Тиймдээ ч тэд барилгын ажлаа эхлүүлэх бэлтгэлээ хийн, хашаа босгосон байгаа юм. Ямартай ч хууль дүрэм зөрчин байж, барилга барихаар зэхэж буй Улаанбаатар банк болон уг эрхийг олгосон Нийслэлийн засаг даргыг холбогдох хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй байна. Эрх мэдэлтэй хүнд хууль, дүрэм үйлчилдэггүй л биш юм бол Нийслэлийн ард түмний өмчит газрыг хувийн бизнесмэнүүдэд шилжүүлсэн Э.Бат-Үүл даргыг шалгуулъя.

Үргэлжлэл бий

Н.Ганаа