Дуу хөгжмийн түгээлт, хөгжмийн бүтээлийн нийтлэгчийн /паблишингийн/ тогтолцоог монгол шинээр нэвтрүүлэх, монголын дуу хөгжмийн салбарын зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх зорилгын дор "Хай-фай" Медиа групп /HMG/ болон Москап, МСПП, хөгжмийн зохиогч, хамтлаг дуучид нэгдэн өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа.

Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу дуу, хөгжмийн бүтээлийг ашиглах зөвшөөрлийг зохиогчоос болон бичлэг эзэмшигчээс авах үүрэгтэй. Дуу хөгжмийг ашиглах зөвшөөрлийг авах практик манай улсад бүрэн хэрэгждэггүй улмаас хөгжмийн зохиогч, яруу найрагч, хамтлаг дуучид хохирох, хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдлэх боломжгүй явж ирсэн.

Уг нь Монголд дуу хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах, ашиглах зөвшөөрлийг олгох хамтын удирдлагын байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг, тухайлбал Монголын зохиогч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (МОСКАП), Монголын дуу бичлэг, бүтээгчдийн үндэсний төв (МСПП) тус бүр зохиогчийн болон хамаарах эрхийг төлөөлдөг.

Нөгөө талаас, дуу хөгжмийг ашигладаг үйлчилгээний олон бизнесийн байгууллагууд дотоод, гадаадад байгаа. Дутагдаж байгаа зүйл гэвэл дуу хөгжмийн салбар дотроо эдгээрийг хооронд нь холбож өгөх, хамтлаг дуучид, зохиогчдын эрх ашгийг нэг дор нэгтгэсэн менежмент байхгүй байгаагаас гадна олон нийтийн дунд дуу хөгжмийн зохиогчийн эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл ч дутмаг байгаа юм.

Энэхүү дутагдаж байгаа орон зайг нөхөхийн тулд "Хай-Фай" Медиа Групп 20 жилийн ойн хүрээнд олон улсын туршлага, жишгийн дагуу дуу хөгжмийн дистрибютор буюу түгээгч болон зохиогчийн эрхийн нийтлэгч буюу паблишерийн шинэ бүтэц, үйл ажиллагааг Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний ач холбогдол нь нэг талаас уран бүтээлчдэд шинэ боломжуудын талаар танилцуулах, нөгөө талаас олон нийт болон үйлчилгээний байгууллагууд дуу хөгжмийг ашиглахын тулд холбогдох байгууллага, эрх эзэмшигчтэй гэрээ байгуулж дуу хөгжмийн салбарт бусдад зөв үлгэр жишээ болоход оршиж байгаа юм.

Дуу хөгжмийн түгээгч, лэйблийн хувьд Хай-Фай Медиа Групп нь МСПП-тэй хамтран ажиллах гэрээ байгуулах бөгөөд нэр бүхий алдартай хамтлаг, дуучдын бүтээлийг түгээх гэрээнд мөн гарын үсэг зурлаа.

Үүнээс гадна Хай-Фай Медиа Групп нь Монголын уран бүтээлчдийн цомгуудыг дэлхийн 239 улс оронд, 30 гаруй дэлхийд нэртэй дэлгүүрээр (iTunes, Amazon, Spotify, Apple music г.м.) борлуулж эхэлсэн тухай мөн Өвармонголд түгээж эхлэх гэж байгаа тухай болон Үндэсний шилдэг 21, Нийтийн шилдэг 10 дууны жагсаалтын талаарх мэдээллүүдийг энэхүү арга хэмжээн дээр танилцуулсан юм.

"Хай-фай" Медиа групп

www.Urlag.mn