УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Д.Намдаков урласан Чингис хааны хөшөөг гурван сая еврогоор худалдан авсан юм.

Дахин давтагдашгүй, соёлын үнэт энэ бүтээлийг өөр улс оронд бус зөвхөн монголд байх гэдэг үүднээс 4.8 метр өндөртэй энэхүү хүрэл хөшөөг тэрбээр худалдан авч буйгаа зарласан. Уг хөшөө энэ оны нэгдүгээр сард эх орондоо ирсэн ч гааль дээр гацсан юм. Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй хэмээн Засгийн газраас өргөн мэдүүлж, энэ оны зургадугаар сард УИХ-ын чуулганд танилцуулсан.

Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлав. Уг хуулийн төсөлд уран барималч Даши Намдаковын 2011 оны “Чингис хаан” бүтээлийг Лондонгоос Монгол Улсад авчрахад гааль болон НӨАТ-ыг чөлөөлөхөөр тусгажээ. "Чингис хаан" бүтээлийг 2012 рны Лондоны зуны Олимпийн наадмын үеэр тус хотод байршуулж байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ. УИХ-ын дарга З.Энхболд “Хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулна. Хөшөөг эх орондоо авч ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд талархал илэрхийлж, баяр хүргэж байна” гэж байсан.

Тэгвэл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар уг хөшөөг бүтээсэн уран барималч, зураач Д.Намдаковт Төрийн соёрхолт хүртээсэн юм.

Уг хөшөөг урлaсан бүтээлчийг шагнаж, худалдан авсан хүн гаалийн татвар төлөхгүй оруулж ирэхээр болсон ч хөшөө нь одоо хүртэл залрах ёстой газраа залраагүй байна.

Сонирхуулaхад, Өвөрмонголын Ордос хотноо Чингис хааны эхээс мэндэлж байгааг сүрлэгээр үзүүлсэн хөшөө байдаг бол Туркийн Анкара хотноо мөн л Их эзэн Чингис хааны хөшөө байдаг аж.

 

Т.Буянаа