Төрийн төлөө оготно боож үхэв гэх үг байдаг. Үүн лугаа адил ердийн нэгэн иргэн би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Буриадын уран барималч Даши Намдаковт Чингис хааны хүрэл хөшөөг урласны төлөө Төрийн соёрхол хүртээсэнд үнэнхүү гайхаж бухимдахын эрхэнд энэ үгийг бичихээс аргагүй боллоо.

 

Д.Намдаковын бүтээсэн энэ хөшөө урлагийн мэдлэг маруухан миний хувьд уруу дорой царай, нунж байдалтай, давжаа биетэй, Европ маягийн гуталтай, өмдгүй шалдан өвдөгтэй майга хөлтэй өрөвдмөөр ч юм шиг, хөөрхийлөлтэй нэгэн хүүхэд морины нуруун дээр дэнчигнэж байгаа юм шиг хоёр гараа сарвайснаар дүрсэлжээ. Энэ бол Чингис хаан юм байна. Уран барималчийн бүтээсэн морь гээч нь Монголд байтугай дэлхийн хаана ч байхгүй ур хийц муу, монгол хүний хэлдгээр хэнгэргэн гэдэстэй, модон сүүлтэй амьтан буюу “Өдрийн сонин”-ы онож хэлснээр “морин голионы баримал” болжээ. Энэ хөшөө сая сая хүний өмнө үзэсгэлэн болж байхдаа Чингис хаан гэдэг хүн ийм л нэг давжаа жаахан эр, мориноосоо буусан хойноо ч мордох гэтэл эмээлийнхээ бүүргэнд ч хүрдэггүй шалихгүй муухан хүн байж дээ гэх бодол төрүүлсэн байх даа.

 

Их хаанаа хайрлан дээдэлдэг их эзэн тэнгэр-Чингис хааныг гутаан доромжилсон хөшөө бүтээж олсон их мөнгөндөө хэхэрч явдаг харийн орны баян хүнийг шагнасан тэр их мөнгө /дөрвөн тэрбум төгрөг/-ийг шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд -спорт, урлаг утга зохиолын салбарын шилдэг 1000 хүнд хуваагаад өгчих ухаан сэхээ орсонгүй юү, эрхэм Ерөнхийлөгч өө!

 

Д.Дорж