“Шинэ хөдөлгөөн” гэх газраас нийслэл хотын гудамж талбайн энд тэндгүй нэгэн сонордуулга наах болжээ.

Тэд сонордуулгадаа: Арилжааны банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээлээ зогсоочихлоо.

-Яагаад?

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс болсон хэрэг.

-Цэц ямар дүгнэлт гаргасан юм?

-Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн.“Найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох монголчуудын хүсэл мөрөөдөл ийнхүү талаар боллоо. Хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч хаус, хотхон босгоё. Барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины орон сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүлэлд Үндсэн хуулийн Цэц цэг тавьж бүхнийг зогсоолоо” гэжээ.

Дээрх сонордуулгаар Үндсэн хуулийн Цэцээс гаргаж буй шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Сонордуулга бүхий цаасаа хотын гудамж, талбайд байрлах гэрлийн шон, мэдээллийн самбар зэрэг газруудаас гадна гэр хорооллын айлуудын хашааны үүдэнд хүртэл наагаад байгаа юм.

Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа “Иргэний хууль болоод Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай” хууль Үндсэн хуультай харшилж байна гэж дүгнэлт гаргасан билээ. Дээрх шийдвэрийг эсэргүүцэн олон нийтэд сонордуулга хүргэж байгаа нь энэ аж. Ямар хүмүүс хамтраад “Шинэ хөдөлгөөн” гэх нэртэй хөдөлгөөн байгуулж хотоор сонордуулга наагаад байгаа нь тодорхойгүй байна. Мөн иргэд хамтран дээрх сонордуулгыг нааж байгаа гэнэ.

Т.Буянаа