Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгож эхлэхээр болсон. Тодруулбал, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 1-17-р бүлэгт хамаарах өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөгийг авна. Бүлгийн судалгаа хийснээр 40 гаруй тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнөөс хэмнэх юм байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно.

Өрхийн амьжиргааны түвшинг, орлогыг орлуулан тооцох олон улсын аргачлалаар 3 бүлэг 55 асуулгаар тооцно. Асуулгад өрхийн гишүүдийн ажил эрхлэлт, амьдрах орчин, нийгмийн даатгалд хамрагддаг, газар өмчилдэг эсэх, мөн үл хөдлөхийн зээлтэй болон ахуйн хэрэгцээний хөргөгч, тоос сорогч, угаалгын машин, компьютер, будаа агшаагч, өнгөт зурагт, автомашин, мал амьтан гэх зэрэг эд хөрөнгийг бүгдийг тооцно. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг 2010-2013 онд авсан байна. Судалгаанд нийт өрхийн 86 хувь, 660 гаруй мянган өрхийг хамруулжээ. Тэдний 780 мянга гаруй хүүхдээс 600-аад мянга нь хүүхдийн мөнгөө асуудалгүй авахаар байна.

Олон улс орон судалгаанд үндэслэж нийгмийн халамжийн бодлогоо чиглүүлдэг. Яг ийм зарчим руу бид аажмаар шилжих цаг нь болсон гэж тайлбарлаж байна. Манай улс хүүхдийн мөнгөнд жилдээ 250 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Зорилтот бүлэг рүү чиглүүлснээр 40-өөд тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Т.Буянаа