БНХАУ-ын Элчин сайдын яам, МУИС-ийн Күнзийн институт хамтран жил бүр хятад хэл суралцаж буй оюутан залууст зориулан тэтгэлэгт хөтөлбөр зарладаг билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Отгонтэнгэр их дээд сургуулийн шилдэг гурван оюутанд “Oriental club”-ийн “Фаншиншэн” тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг гардуулан өглөө. Тус сургуулийн хятад хэлний оюутан болох Ёндонсүрэн, Д.Пүрэвсүрэн, А.Даваадэмбэрэл нарт тус бүр сургалтын төлбөр болох 3000 юань өгсөн юм. БНХАУ-ын Жэжян мужийн хөрөнгө оруулалттай “Oriental club”-ийн захирал Фан Шиншэн нь 2006 онд Монгол Улсад ирж бизнес эрхэлсэн бөгөөд чамгүй амжилттай ажилласан болохоор Монголын нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын тулд дээрх тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байна. Тэрбээр нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд жил бүр “Отгонтэнгэр” дээд сургуулийн шилдэг оюутнуудад “Фаншиншэн” тусгай тэтгэлэгт хөтөлбөр зарлан сургалтын төлбөр өгөхөөр болж байгаа юм. Тэтгэлэг гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн оролцон үг хэлж, Монгол улсад бизнес эрхэлж буй Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол улсын ард иргэд, нийгэм нийтэд ач тустэй ажил хийхийг уриалсан байна.

“Oriental club” нь тун удахгүй үйл ажиллагаа эхлэх бөгөөд голдуу хятадын анагаах ухааны амралт сувиллын үйлчилгээ үзүүлж, мөнгөн зүү, бумба зэрэг эмчилгээний үйлчилгээ үзүүлэх юм. Энэ ч хүрээндээ цаашид нийгмийн эмзэг бүлгийн өндөр настан, хүүхдүүдэд туслан эмчилгээ хийлгэн Монгол-Хятад улсын найрсаг харилцааг өргөжүүлэхээ Фан Шиншэн дурьдав.

Т.Буянаа