Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын түүхт 104 жилийн ой тохиож байна.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил тав дахь удаагаа 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно.

Өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлж, цомын эзэн болж байв. Энэ жилийн хувьд улсын баяр наадам болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 бөх уран мэхийг уралдуулж, хүч чадлаа үзэхээр болоод байна.

Тус барилдааны өмнө бөхчүүдийн чансаа шинэчлэгдэн гарсан. МҮБХ-ноос албан ёсоор гаргадаг уг чансаанд 2015 оны Цагаан сарын барилдаанаас 12 дугаар сарын 20-нд болсон Баянзүрх хайрханы хишиг барилдаан хүртэлх 22 барилдааны чансаа бодогдсон агаад эхний 128 бөхийг танилцуулж байна. Тэд Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдах юм.