Ирэх оны нэгнээс хэрэгжиж буй хуулиудын нэг нь Соёлын тухай хууль. Уг хуулийн өөрчлөлтөд орсон нэмэлтүүд нь Улсын Их Хурлын 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.

Тус хуулийн 19 дүгээр зүйлд /Соёлын хүрээнд төрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах үйл ажиллагаанд тавих хязгаарлалт/ доорх ГУРВАН НЭМЭЛТийг оруусан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх гэж байна.

ОНРТ-ийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна

Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

Арилжааны телевизүүдийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна

Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

Кино театрын нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байна

Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байна.