Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдээгүй өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тайван байсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин баярын үеэр Налайх хотод архидан согтуурсны улмаас хоёр иргэн нас барсан хэрэг гарсан.

Тус хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн цагдаагийн хошууч Д.Шинэчимэгээс тодруулахад "Хэргийг Налайх хотын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тэд нас барахаасаа өмнө 3-4 хоног тасралтгүй архидан согтуурсан. Тэдний ууж байсан архийг битүүмжилж, шинжилгээнд өгсөн. Урьдчилсан байдлаар тухайн архинаас ямар нэг хортой, стандартын бус гэсэн хариу ирээгүй байна. Талийгаачид архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан байх магадлалтай байна" гэв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн 15 хоногийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд нийт 489 хүн архины хордлогын улмаас ханджээ. Үүнээс 16 хүн буюу 3.3 хувь нь хэвтэн эмчлүүлжээ. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.