Сүүлийн үед СӨХ-той холбоотой асуудал иргэдийг ихээхэн чирэгдүүлж байгаа. Үүний нэг тод жишээ нь "Өргөө 5" СӨХ гээд хэлчихэд буруутахгүй бололтой. Иргэдийнхээ гомдлыг шийдвэрлэж өгөлгүй 14 дэх жилтэйгээ золгож буй аж.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 5 дугаар байрны 68 тоотод оршин суугч н.Энхтүвшин нь тус байрны оршин суугчдын эзэмшлийн харанхуй өрөөний шалыг цоолж, подваль руу орох хаалга гаргажээ. Энэхүү үйлдэл нь Барилгын тухай хуулийн 5-р бүлгийн 20.2 дахь заалт "Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн тухайн барилга байгууламж дотор байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоожээ.

Тус хяналтын газраас барилгын хучилтанд нүх гаргасан зөрчлийг арилгахын тулд, мэргэжлийн зураг төслийн байгууллагаар тухайн хэсэг бэхэлгээ хийх тооцоо судалгаа, зураг төсөл боловсруулж хийцийн бат бэхийг хангуулах арга хэмжээг авч 2011 оны наймдугаар сарын 29-ны дотор манай байгууллагад хариу ирүүлэхийг шаардаж байна гэсэн хэдий ч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

"Өргөө 5" СӨХ-ны гүйцэтгэх захирал н.Бат-Аюуш нь энэ байрны эзэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гээд хавьтуулдаггүй аж. Гэтэл өнгөрөгч оны аравдугаар сард уг байрыг 10 сая төгрөгөөр бусдад худалдсан гэнэ. 10 гаруй жил энэ байрны асуудал явагдсан бөгөөд энэ асуудалд Засаг дарга С.Бат-Өлзий нь хүртэл холбоотой хэмээн гомдол гаргагч хардаж байгаа гэдгээ нуусангүй.

Ингээд эх сурвалжаас тодруулга авснаа хүргэе.

-Энэ байрны асуудал хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Энэ хэрэг явдал 2002 оны намраас тахир дутуу ах нь Төв аймгаас хотод ирээд 68 тоотын ундааны цех байсныг гаднаасаа хана босгож тусгаарласан. Тэгээд 00 тоот буюу подвалио дээшээ тааз руугаа цоолж байшин барилга эвдсэн. Тавдугаар байрныхаа зүүн талаар байшинхаа хогыг асгасан. Энэ байр нь болохоор н.Энхтүвшин гэдэг хүний нэр дээр байдаг юм. Тахир дутуу болохоор ах, эгч нар нь нөгөөдөхөө "чи дуугүй байж бай" гэж загнаад хавьтуулдаггүй. Тэгээд шүүхээр явахаар хэрэг хүлээх чадваргүй гэдгээрээ буцаагдчихна. Ингээд өвчтэй хүнээрээ далимдуулж явсаар байгаад 14 дэх жилтэйгээ золгож байна. Сонгууль болгоноор л энэ асуудлаа шийдүүлэх гээд нэр дэвшигч нарт Мэргэжлийн хяналтын албан бичгийг үзүүлж учраа хэлэхэд "Ингэж болохгүй. СӨХ-ны даргад нь хэлээд асуудлыг шийдүүлье" гэдэг ч шийдэж чаддаггүй.

Онцгой байдлын газарт хандахад өчнөөн олон бичиг баримт өгсөн. Одоо хоосон зузаан цаастай асуудал шийдэгдээгүй бахь байдгаараа л байна. Энэ байрны жинхэнэ эзэн нь н.Энхцэцэг гээд н.Энхтүвшингийн дүү нь байрны ордерыг нь аваад Америк явчихсан. Хууль бус хүмүүс амьдраад хамаатан садан нэрийдлээр байшин барилга эвдэж сүйтгэсэн хэргээ хүлээдэггүй. Өргөө 5 СӨХ нь арга хэмжээ авахгүй иргэдийг хохироож байна. Харанхуй өрөөгөө авах гэсэн иргэд нь авч чадахгүй явна.

-Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага дээр 68 тоот н.Энхтүвшин гэдэг хүний нэр дээр байдаг гэсэн байна. н.Энхцэцэг нь болохоор хамтран эзэмшигч юм уу?

-Тийм. н.Энхтүвшин, н.Энхцэцэг нарын хамтарсан нэр дээр. Хоёр өрөөг нэг нэгээр нь эзэмшинэ гэсэн ордертой. Жинхэнэ ориг ордерыг нь н.Энхцэцэг нь аваад н.Энхчимэг гэдэг дүүдээ шилжүүлж өгчихөөд явчихсан байгаа юм. Тэгээд ээж нь хөдөөнөөс ирээд хоёр гурван гэрээ тэр өрөөнд хураачихаад "өөр хийх газар" байхгүй гээд л биднийг ойртуулдаггүй. Тэнд одоо жоом, хорхой шавьжаар дүүрчихсэн, цагаан эрвээхэй оршин суугчдын хамаг юмыг иддэг үүнээсээ болж байнга л асуудал гардаг. Үерт автана. Нэг удаа үерт автахад СӨХ-ны гүйцэтгэх захирал Бат-Аюуш нь өөрөө том усны гутал өмсчихсөн онцгой байдлын том шланкаар ус соруулчихсан зогсож байсан. Тэгээд оршин суугчид нь хамаг юм аа гадаа хатаана. Хувилдаад л байдаг юм байна гэж боддог. н.Энхцэцэгтэйгээ их найз юм байна лээ.

 

 

-Уг нь мэргэжлийн хяналтаас хууль зөрчсөн гэдгийг нь тогтоочихсон байдаг. Засаг дарга С.Бат-Өлзийд хандсан уу?

-Харин тийн зөндөө олон удаа ирж хяналт шалгалт хийдэг ирэх болгондоо албан шаардлага өгнө. Гэтэл иргэд өнөөдрийг хүртэл харанхуй өрөөгөө авч чадахгүй байна. Дээр нь барилга байшингаа эвдэлж сүйтгүүлчихсэн асуудал шийдэгдэхгүй баахан албан шаардлага бүхий зузаан цаастай л боллоо.

Засаг даргынхаа орлогч дарга н.Амарзаяатай уулзсан. Тэрбээр "Бид мэдэж байгаа. Хувьд шилжсэн болохоор хэцүү байна. Ярилцаж шидүүлье гэсээр байгаад сонгууль дууслаа. Дандаа иргэдээ хуурдаг.

-Энэ байрыг бусдад худалдсан гэсэн үү?

-н.Энхчимэгийн хамаатан гэх хүн 10 сая төгрөгөөр худалдаж авсан гэсэн. Уулзаж учраа хэлэхэд Энхээ гэж нөхөр нь "Манайх 10 сая төгрөгөөр худалдаж авсан юм" гээд уурласан. Одоо энэ байранд гал гарахад бэлэн болсон. Зун нь үерт автаж, иргэдийг хохирооно. Хорооны засаг дарга нь арга хэмжээ авч иргэдийнхээ төлөө явахгүй юм. СӨХ нь хөлдөхгүй ийм л хүмүүс төрд байна даа.

 

Үргэлжлэл бий...

 

Х.Даваа