2016 онд биднийг томоохон ямар үйл явдал угтаж байгааг хүргэж байна. Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил хоёрдугаар сарын 29-нд болно.

Бөөн бөөн сонгуультай жил

Ирэх дөрвөн жилд төр барих эрхмүүдийг сонгох УИХ-ын ээлжит сонгууль энэ жилийн зургадугаар сарын сүүлийн 7 хоногт явагдана. Өмнөх сонгууль шиг мажоритар болон 48:28 пропорционал хосолсон дүрмээр буюу явагдах юм. Мөн эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн нь эмэгтэй улс төрчид өрсөлдөх орон зайг нэмэгдлүүлж өгсөн. Энэ удаагийн сонгууль ач холбогдлын хувьд өмнөх жилүүдийнхээс дутахааргүй болох ёстой. Одоогийн парламентад олонх байгаа АН-д сонгогчид ямар дүн тавих, МАН алдсан байр сууриа эргүүлэн авч чадах эсэх, МАХН өмнөх амжилтаа давтаж чадах эсэх, ХҮН нам орон зайгаа эзэлж чадах эсэх гээд олон асуултын хариу зургадугаар сард тодорхой болох болно. УИХ-ын сонгуультай цуг явагдах аймаг, нийслэлийн сонгуулийг ч мөн мартаж болохгүй.

Улс төрийн олимп Улаанбаатарт хотод болно

Дэлхийн 50 гаруй улсын тэргүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирэх долдугаар сард манай улсад чуулах гэж байна. Улс төрийн олимп хэмээн зүйрлэгддэг АСЕМ чуулгын эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд Миланд болсон АСЕМ-ын ээлжит чуулганы үеэр авсан юм. Уг чуулгыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн жилүүдэд долоон тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс гаргуулахаар болжээ.

Төрийн банкийг хувьчилна

Энэ оны төсөвт өмч хувьчлал болон төрийн өмчийн худалдан борлуултаас 170 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болсон. Төрийн банк болон Хөрөнгийн биржийг хувьчлах замаар 80 тэрбумыг, төрийн өмчийг худалдаж 61 тэрбумыг төвлөрүүлнэ гэж тооцжээ. Төрийн банкыг хувьчлах талаар 2013 оноос хойш яригдсан ч дорвитой ахиц гараагүй байсан юм.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрт хүрснээр Оюутолгой төслийн хоёрдахь шатны бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болсон. Оюу толгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, гүний уурхайд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд санхүүжилтийг олон улсын санхүүгийн байгууллагууд, баримт бичигт гарын үсэг зурсан 15 банк хийх юм. Оюу толгойн ордын нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг аж.

Зөрчлийн болон эрүүгийн шинэчилсэн хууль хэрэгжинэ

Монгол Улсын ял, шийтгэлийн болон захиргааны хариуцлагын бодлогыг бүрэн шинэчилсэн. УИХ-аас 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн хуулиудыг баталсан. Дээрх хоёр хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Энэ хугацаанд зарим журам заалтыг өөрчлөх ажээ.

Одоогоор манай улсын 16 тамирчин Риог зорихоор болжээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадам энэ жил Бразилын Рио Де Жанейро хотноо явагдана. 31 дэх удаагийн зуны олимпийн наадам ирэх наймдугаар сарын 6-21, паралимп есдүгээр сарын 7-18-нд болно. Дэлхийн 206 улсын 10500 орчим тамирчин спортын 28 төрөл, 306 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Одоогийн байдлаар манай улсаас 16 тамирчин олимпийн эрхээ аваад байгаа юм. Тодруулбал, чөлөөт бөх зургаа, буудлага гурав, байт харваа, хөнгөн атлетикийн тус бүр нэг тамирчин Риог зорино. Тус улс руу визгүй зорчих боломжтой болсон учир олон үзэгч Рио руу мордох нь дамжиггүй.

Т.Буянаа