Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Улмаар өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн юм. Журам энэ сараас хэрэгжиж эхэлсэн.



Гэвч олон нийтийн зүгээс хүүхдүүдийг амьдралын боломжоор нь ялгаварлаж байгаад шүүмжлэлтэй хандаж энэ шийдвэрээ эргэж харахыг шаардаж байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн сайхан мэдээ дуулгалаа. Тодруулбал төрийн гурван өндөрлөг хүүхдийн мөнгийг хуучин жишгийн дагуу буюу бүх хүүхдүүдэд олгоход санал нэгджээ.



Ерөнхийлөгч энэ тухайд “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Т.Сар

http://www.24tsag.mn