УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр зарим хэвлэлийнхнийг байлцуулан энэ долоо хоногт нэгэн хуулийн төслийг гишүүд өргөн барьж, ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх гэж байгааг хэллээ.

Энэ нь орон сууцны бага хүүтэй, урт хугацаатай зээлийн хөтөлбөрийг зохицуулсан төсөл юм байна. Цэцийн шийдвэртэй холбоотойгоор одоогоор орон сууцны зээл үндсэндээ зогсоод байгаа. Иймд хууль эрх зүйн орчныг сэргээх, ингэхдээ улам сайжруулж, иргэдэд таатай байхаар шийдэх гэж буй тухай спикер онцлов. Сэтгүүлчдийн асуултад УИХ-ын дарга хариулсныг тоймлов.

-Парламент ипотекийн хууль эрх зүйнорчныг яаж сэргээх гэж байна вэ?

-Үндсэн хуулийн цэц барьцаалбар гэдэг үгийг ойлгохгүйгээр үл хөдлөх хөрөнгө чөлөөтэй хөдөлж байхаар шийдчихлээ. Цэцийн шийдвэр буруу. Тиймээс УИХ ипотекийн зээлийн хууль эрх зүйн орчноо сэргээчихээд зээл авахад банкнаас шаарддаг өрхийн сарын дундаж орлогын хэмжээг бууруулах даалгавар өгнө. Ипотекийн зээлийн үр дүнд олон мянган хүн байранд орж, утаа багассан, барилгын материалаа дотооддоо үйлдвэрлэдэг болж, тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдсэн. Ийм үр дүнтэй учраас энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой, тэгэхдээ илүү сайжруулна. Цэцийн гаргасан алдаанаас болоод “Буянт-Ухаа-2” хороололд метр.кв нь 1350 мянгаар орох гэж байсан 200 айлыг шинэ жилийн өмнө оруулж чадсангүй. Одоо Цагаан сараас өмнө энэ асуудлыг шийднэ. Үүнээс болоод мебель, 100 айлын барилгын материалын дэлгүүр гүйлгээгүй болсон. Яагаад гэвэл айлууд байрандаа орж тавилга авахгүй, хийлгэхгүй болчихоор бүгд зогсоно биз дээ. Нэг салбарын олон дамжлагыг унагасан ийм аюултай зүйл болсон учраас Цагаан сарын өмнө шийдье гэж яарч байгаа юм.

-УИХ-аар удахгүй хэлэлцэнэ гэсэн шинэ хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ долоо хоногт өргөн барина. Ирэх долоо хоногоос анхны болон эцсийн хэлэлцүүлгийн хийгээд явна.

-Гэхдээ хүссэн хүн бүр байранд орж чадахгүй байгаа. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ өндөр,сарын цалингийн хэмжээ хүрэлцдэггүй зэрэг хүндрэл бий шүү дээ?

-Д.Цогтбаатар Барилга, хот байгуулалтын сайд байхдаа болчимгүй зүйл хийсэн нь урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох юм. Тэгээд хүлээлт үүсгэсэн. 10 хувиар оролдож болдоггүй байхгүй юу. Яагаад гэвэл өрхийн сарын орлого маш өндөр байхыг шаардах учраас хэн ч зээл авч чадахгүй. Тэгэхээр өөр хувилбар бодож байгаа.

Мөн Засгийн газраас өнөө, маргаашгүй нэгэн хуулийн төсөл өргөн барих юм. Тэтгэврийн санд зээлийн мөнгийг төвлөрүүлэх агуулгатай хууль. Менежментийг нь нэг хэсэгтээ Монголын ипотекийн корпорац болон Монголбанк авч явах хэрэгтэй. Ингэвэл бид нэг сумаар хоёр туулай буудах юм. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн мөнгийг улс даахаа больж байгаа. Энэ нь хүн өөрийнхөө тэтгэврийн санг үүсгэнэ гэсэн үг. Тэгж хэлээд 1995 оноос хойш ажиллаж байгаа бүх хүний цалингаас мөнгө суутгаад байсан. Болохгүй үедээ нөгөө мөнгөө хэрэглэсээр байгаад дуусгачихсан. Иймд Тэтгэврийн сангаа мөнгөжүүл гэж жил бүр ярьдаг ч чаддаггүй байсан. Ингээд тус санд хөнгөлөлттэй зээлийн мөнгө орохоор энэ он дуусахад гурван их наяд төгрөгөөр сэлбэгдэх нь. Цаашдаа энд мөнгө хуримтлагдаад явна гэсэн агуулгатай хуулийн төсөл юм. 1995 оноос хойш ажиллаж байгаа, цаашид тэтгэвэрт гарах бид санаа зовох хэрэггүй. Мөнгө нь баталгаатай өсдөг санд та бидний тэтгэврийн мөнгө байршина гэсэн үг. Моргейжийн сан байгуулчихаад түүнийгээ Тэтгэврийн сан руу шилжүүлэх үйл явц хийх гэж байна. Эндээс ямар нэгэн алдаа харахгүй байгаа.

-Зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ?

-Инфляц өндөр байхад найман хувийн хүүтэй зээлтэй байсан бол одоо инфляц гурван хувь болсон. Тиймээс Монголбанк бодлогын хүүгээ бууруулна, ингэхээр зээлийн хүү буурна. Хүү буурахаар нэг айлын сард төлдөг зээлийн төлбөрөөс 180 ба түүнээс дээш мөнгийг хэмнэнэ. 2009 оны хямралын үед барилгын тоо цөөрч байсан. Одоо нэмэгдэж байгаа. Ашиглалтад орж байгаа байрны метр.кв саяар хэмжигддэг болсон.

1400000 төгрөгийн сарын орлоготой айлын жишээг бодож үзье. Д.Цогтбаатарын ярьж байснаар урьдчилгаа төлбөрийг 10 хувь гэж бодож үзье. Уг нь ярихад гоё шүү дээ, гэвч болох нь уу. “Буянт-Ухаа-2”-ын жишээгээр метр.кв нь 1350000 төгрөг, дээд тал нь 80 метр.кв байрыг найман хувийн хүүтэй зээлээр 20 жилийн хугацаатай авна гэж тооцож үзье. Ингээд урьдчилгаа төлбөр 10 хувийг төлвөл сард төлөх зээлийн хэмжээ 800-900 мянган төгрөг болж байна. Тэр айлын сарын орлого 1800000 төгрөг байх шаардлагатай болж байна. 1400000 төгрөгийн орлоготой айл зээлд хамрагдаж чаддаггүй байсан бол 1800000 болчихвол орж чадах уу. Банкинд очихоор зээл өгөхгүй биз дээ. Хэдийгээр улс төр хийгээд олон хүнийг хамруулж, 10 хувийн урьдчилгаа төлбөр төлдөг болгоно гэж Д.Цогтбаатар худлаа яриад барилгын салбарыг үндсэнд нь зогсоосон. Энэ бол зөвхөн урьдчилгаа төлбөрөөр оролдоод бүтэхгүй гэдэг нь харагдаж байна. Тэгвэл найман хувийн хүүг анх зохиож байхад инфляц 14 хувьтай байсан. Тэр үед Монголбанк зориг гаргаж шийдсэн. Одоо инфляц гурван хувьтай байгаа учраас дээрх жишээн дээрээ зээлийн хүүг наймаас зургаа болгоод бодоод үзье. Сард төлөх зээлийн хэмжээ 540 мянга болж өрхийн сарын орлого 1200000 болж байна. Тэгвэл ийм хэмжээний орлоготой айл орж чадахааргүй байвал зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 биш 20 болгоод үзье. Ингэвэл 80 хувьдаа зээл авах учраас сарын цалингийн хэмжээ өндөр байх шаардлагатай болно. Ингэхээр олон хүн хамруулах бодлоготой нийцэхгүй байна. Гэхдээ Монголбанк, Банкуудын холбоо хоёр урьдчилгаа 30 хувиа 20 болгож болно гэж хэлж байгаа.

-Яаж тэр вэ?

-30 хувийн үлдсэн 10 хувийг нэг удаа төсвөөс төлөөд өгч болно гэж. Энэ жилийн хувьд үүнийг хийхэд хүндрэлтэй. Харин 20 жилийн хугацаатай зээлийг 30 жил болгож болно. Ингэхээр банкуудаас тавьдаг шаардлага болох өрхийн сарын орлого 100000 төгрөгөөр багасаж байна. Нэмээд 30 хувийн урьдчилгаа төлбөрөө 20 хувь болговол сарын орлогын шаардагдах хэмжээ нэг сая болж байна. Ингээд зээлийн хугацаа, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, зээлийн хүүгийн хэмжээ гэсэн гурван тоог нэгэн зэрэг оролдвол мөнгө хэмнэж болохоор байна. Ингэвэл олон хүн хамруулах хүртээмжээ өсгөнө. Энэ мэтээр хийх зүйл олон бий. Хэрэв урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 20 болгоод 10 хувийг нь төсвөөс төлнө гээд төсөвт тодотгол хийвэл жилд 20 тэрбум төгрөгийн сан байгуулах юм билээ.

-Таны тайлбарласнаар сарын нэг сая төгрөгийн орлоготой айл “Буянт-Ухаа-2” хорооллын жишиг үнээр 80метр.кв хэмжээтэй байранд зээлээр орж болох нь. Хүүг дахиад буулгах боломж байна уу?

-Инфляц гурван хувь болсон учраас зээлийн хүүгийн хэмжээг таван хувь болгож бодож үзье. Тэгвэл нөгөө банкны тавьдаг шаардлагад зээл авах айлын сарын байж болох орлогын хэмжээ 900000 төгрөг болж байна. Тэгэхээр урьдчилгаа төлбөрийг бууруулахын оронд зээлийн хүүг бууруулвал илүү үр ашигтай, олон хүн хамрах боломжтой юм. Ийм ялгаа байгааг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Зээлийн хүүг анх удаа бууруулах боломж гарч ирнэ. Бид ингэж ярихаар Ардчилсан нам улс төр болгож оноо авах гэлээ гэдэг. Бид сөрөг хүчин байхдаа ч ийм зүйл ярьж байсан. Онолын хувьд орон сууцны зээлийн хүү найман хувиас доош буух нь тодорхой болсон. Ардчилсан нам сөрөг хүчин байхдаа ч ажилтай, орлоготой монгол хүний тухай ярьдаг байсан. Та ажилтай, орлоготой л бол байранд амьдрах боломжтой болсон шүү дээ.

-Таны хэлж байгаа зүйл зээлтэй болон зээл авах гэж байгаа хүмүүст таатай мэдээлэл байна. УИХ-аархууль батлагдаад зээлийн хүү буурвал өмнө нь найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан хүмүүст хамаатайюу. Жишээ нь хүүгийн хэмжээ зургаа эсвэл таван хувь болчихвол найман хувийн хүүтэй зээлийгшилжүүлж болох уу?

-Моргейжийн зээл хамгийн хөрвөх чадвартай уян хатан зүйл. Зээлийн хүү буурчихаар тийшээ шилжих гэж бүгд ирнэ. Түүнийг хориглох ямар нэгэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Найман хувийн хүүтэй зээл таван хувь болчихоор тухайн хүний сард төлдөг зээлийн хэмжээ буурах ашигтай шүү дээ.

-Ингэхээр байрны үнэ нэмэгдэх үү?

-Манайд ган арматур болон цементийн үнэ буурсан. Барилга барихад хамгийн их хэрэглэдэг хоёр материалын үнэ буурсан шүү дээ. Тэгэхээр байрны үнэ тогтвортой байна. Зах зээл дээр 18 мянган орон сууц байна гэсэн. Нийлүүлэлт ийм их байхад үнэ өснө гэж байхгүй.

-Зээлийн хүүгийн хэмжээ буурахаар арилжааны банкууд зээл олгох шаардлагаа өндөр болгох вий гэсэнболгоомжлол байна?

- Ямар ч шалгуургүй зээл авна гэдэг зүйл дэлхийд байхгүй. Бид 75 мянган хүнээ орон сууцтай болгочихлоо, дараагийн 75 мянган хүнээ байртай болгомоор байна. Энэ машин хурдтай явах ёстой. Банк санхүүгийнхэнтэй бид зөвшилцсөн учраас УИХ, Засгийн газрын төслийг хэлэлцээд хурдан шийдээд явна.

-Цэцээс шийдвэр гарсны дараа найман хувийн хүүтэй зээлтэй хүмүүс нэгдэж сонордуулга гаргасан. Гэтэлүүнийг Үндэснйи аюулгүй байдлын эсрэг зүйл гээд цагдаа, тагнуул шалгах ёстой гэж мэдэгдсэн. Энэталаар та юу хэлэх вэ?

-Тийм зүйл байж болохгүй. Хүмүүсийн хамгийн чухал зүйлийг хөндсөн учраас толгойн өвчин болно. Хүүгийн хэмжээ буцаад 20 хувь болвол яана. Байдал хүнд байгаа учраас хүмүүс бухимдахаас өөр аргагүй. Харин ч тайван илэрхийлж байна. Хууль хяналтынхан хатуу хандахгүй байлгүй дээ.

М.ГАНЦЭЦЭГ