УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотой хэн гэдэг улс төрчид хаанаас нэр дэвшихээр төлөвлөж буй талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж буй билээ.

 

УИХ-ын 2012 оны сонгуулиас эхлэн, сонгууль холимог системээр явагдах болсон тул тойрогт нэр дэвшилгүй намын жагсаалтаар нэр дэвшиж, сонгогдох боломж улс төрчдөд нээлттэй болсон.

 

Өнгөрсөн сонгуулиар АН-аас Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, Ш.Түвдэндорж, М.Батчимэг, Р.Гончигдорж,Р.Бурмаа, Ч.Сайханбилэг, МАН-аас Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс Ч.Улаан, Н.Батцэрэг, М.Сономпил, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар, ИЗНН-аас С.Оюун, С.Дэмбэрэл нар тус тус тухайн нам, эвсэлд нь өгсөн сонгогчдын саналд үндэслэгдэн, УИХ-ын гишүүн болсон.

 

Тэгвэл энэ жилийн УИХ-ын сонгуульд хэн хэн тухайн намынхаа жагсаалтанд орох талаарх зарчим, дүрмийг намуудын удирдлагын түвшинд ярилцаж эхэлсэн байна. АН-ын намын жагсаалтыг АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБДарга Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн, АН-ын НБДарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар тэргүүлэх магадлал өндөр байгаа аж.

 

Мөн эмэгтэйчүүдийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Арвин, Л.Эрдэнэчимэг нарын нэг нь орох бололтой. Харин залуучуудын фракц УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөрийг намынхаа жагсаалтанд оруулах нь дамжиггүй аж.

 

МАН-ын хувьд намын дарга, намын ЕНБДарга, УИХ дахь намын бүлгийн дарга 3-аа эхэндээ жагсаахаар тохиролцоонд хүрсэн байна. Мөн У.Хүрэлсүх, Сү.Батболд нарыг жагсаалтын 4, 5-д, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын нэгийг жагсаалтын 6-д, эмэгтэйчүүдийн төлөөлөл болгон, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа нарын нэгийг жагсаалтын 7-д оруулахаар ярилцаж буй аж.

 

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ж.Батсуурь нарын аль нэг нь 8-д жагсах магадлалтай. МАХН-ын хувьд Ц.Шаравдорж, Б.Тулга, З.Баянсэлэнгэ нарыг намын жагсаалтынхаа эхний 3-д жагсаах бөгөөд Д.Тэрбишдагва, Ж.Сүхбаатар нарыг тойрогт өрсөлдүүлэхээр шийджээ. Харин ХҮН-ий жагсаалтын 1-д Т.Ганболд жагсахаар яригдаж буй юм байна.

 

П.Энхмандах

http://www.sonin.mn