Өнөөдөр Хуульзүйн байнгын хороогоор таван асуудал хэлэлцэх ёстой байсан ч эхний асуудлыг хэлэлцээд хуралдааныг хойшлууллаа. Энэ удаагийн хуралдаанд Ардын намын бүлгээс нэг ч гишүүн суугаагүй боловч тус байнгын хороог бүрдүүлдэг Ардчилсан намын 9 гишүүн бүгд, дээр нь ”Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатар гишүүн хуралдаандаа ирсэн тул ирц бүрдсэн юм.

Эхлээд Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр хуралдаанд суусан гишүүд 100 хувь санал нэгдсэн юм. Дараа нь Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч Ардын намын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр орж ирээд, уг асуудлаар авсан завсарлагын хугацаа хараахан дуусаагүй байгаа гэдгийг мэдэгдсэнээр хуралдаан 14.30 цаг хүртэл хойшлов. Өнгөрсөн долоо хоногт Ардын намын бүлэг дээрх асуудлаар завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр /01.13/ 14.30 цагт дуусах аж.

Төрийн ажлыг гацаах зорилгоор авсан завсарлагынхаа хугацааг цаг, минутаар нь нарийвчлан тооцож буй эрхэм гишүүд улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхдээ энэчлэн цаг хугацаанд хямгатай, тооцоотой ханддаг болчихвол сайн сан.