Үхсэн хүн үг хэлдэггүй. Тиймдээ ч өнөөдөр Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар хэн хүнгүй зөв, буруу зүйл ярьж суугаа. Хэвлэл мэдээллийн байгууллага, “Цензургүй сурвалжлага”, талийгаачийн гэр бүл, хууль хүчний байгууллагынхан бүгд энэ асуудлыг сөхлөө.


Харин манай сайт талийгаачтай холбоотой асуудлыг хөндөхдөө эргэлзээтэй гэх хэдэн асуудлын эргэн тойронд мэдээллээ хүргэхээр бэлтгэлээ.


Нас барсан хүний асуудлыг хүртэл улс төржүүлдэг энэ нийгэмд тал бүрийн байр суурь, баримт нотолгоо гэдэг хамгийн чухал. Харин нэг талыг барьсан “хөөсрүүлсэн” мэдээлэл ард түмний эрүүл тархийг өвчлүүлэх маш том эрсдэлтэй. Тийм ч учраас бид энэ удаад С1 телевизийн “Цензургүй сурвалжлага”, талийгаачийн аав Ж.Төмөрсүхийн өгүүлж буй мэдээллийг, УМБГ-ын ажлын хэсгийн өгч буй мэдээлэлтэй харьцууллаа.


24tsag.mn мэдээллийн сайтын ээлжит VS талийгаач Т.Лхагвасүмбэрийн хэргээр үргэлжилж байна.

“Цензургүй сурвалжлага” & Ж.Төмөрсүх: Дөрөвдэх халдлага үхэлд хүргэлээ

 

Эхний халдлага: 2014 оны тавдугаар сард Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд дөрвөн залуу миний хүүг хоёр талаас нь барьж авч яваад хоолой,

гарын шууг нь зүссэн байдаг. Миний хүү ухаан алдаж унахад өнөөх залуус “хүн алчихлаа” гэж бодоод зугтсан байгаа юм. Улмаар шөнийн 4-5 цагийн үед цус алдаж хэвтэж байгаад сэрээд гэртээ очиж, дүүгийнхээ хамт эмнэлэг явж эмчлүүлсэн. Бид энэ асуудлыг гудамжны дээрэмчид гэж бодоод тийм их тоогоогүй. Тиймээс цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээлэл өгөөгүй. Гэхдээ ГССҮТ-д боолгуулах явцад цагдаагийн байгууллага тайлбар авч байжээ.

 

Хоёрдахь халдлага: 2015 онд 6-7 цагийн үед талийгаач ажлаа тараад 5 дугаар сургуулийн зүг явж байсан. Гэтэл хар машин зогсоод хоёр хүн барьж аваад машиндаа хийгээд явсан. Ингээд дуу чимээ ихтэй газар дагуулж ороод гурван хүн дарамталжээ. Ингэхдээ “Хөдөө байхдаа давардаг. Хотод бол чадахгүй” гэжээ.

 

Гуравдахь халдлага: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тосон бумбын нурууны үзүүрт орших Хүрэндаваа /Мотоцикл, хүн тэр бүр явдаггүй уулын зам/ хэмээх газар дөрөвдүгээр сарын 30-ны өдөр талийгаач гурван удаа хутгалуулсан гэдэг. Хадан дотроос хоёр багтай хүн гарч ирж цохих шиг болсоны дараа хутгалуулсан байсан аж. Хэрэг болсон өдрийн маргааш талийгаачийн аав Ж.Төмөрсүх Гурван тэс сумын цагдаа Бямбаа руу ярьж “Мөр олох, мөрдөн байцаалт явуулахад нь туслая” гэжээ. Гэвч таниар ажлаа заалгахгүй гэсээр хүлээж аваагүй юм байна.

 

“Цензургүй сурвалжлага”-ыг хийсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн зүгээс“Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн албан бичиг, цагдаагийн байгууллагын зүгээс өөрийгөө хутгалсан гэж өөрт нь хэлсэн зэргээс болж нэлээн гүн шоконд орсон гэж ар гэрийнхэн нь хэлсэн” гэдгийг онцолсон. Цагдаагийнхан өөрийгөө хутгалсан гэх яриаг гаргасан уу?

 

Талийгаачийн эцэг Ж.Төмөрсүх цагдаагийн байгууллагынхан энэ хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн албаныхан Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой хэргийн гэрчийн мэдээллийг задруулж, дарамтанд оруулсан гэдгийг “Цензургүй яриа” сурвалжлагаар дэлгэсэн билээ.

 

Цензургүй яриагаар дэлгэсэн утасны бичлэг: Гар утсанд хоёр бичлэг үлджээ. Нэг бичлэгт нь “Завьтай хүмүүс байна гэж 2-3 удаа дуугарсан. Үүний дараа машины хоёр хаалга дуугарч, дараахан нь яая хөөе яая гэж хэлээд машины хаалга дуугарчээ. Харин нөгөө бичлэгт нь, та нар намайг яасан ч яахав. Сүрдүүлээд байснаараа...Миний гэр бүлд янз бүрийн юм болохгүй шүү. Би гэр бүлээ хамгаалах гэж та нар дээр ирсэн шүү. Өнөөдөр та нар шиг юмнуудын эрин байж болно.Та нар бүх юмыг худалдаад авчихсан, бүх юмыг хахуулдчихсан хулгайчууд. Ирээдүйд юм өөр болно за юу. Та нар үнэхээр том юм тэ. Ийм юм хийж явахдаа та нар ичих хэрэгтэй ш дээ. Та нарын үр хүүхэд чинь зовно доо, харж байгаарай.

Дуугай бай л даа чи.

Дуугай байгаад байх юм байхгүй ээ. Өнөөдөр би хэлэх юм аа хэлье. Та нар намайг өөрсдөөс чин амь гуйна гэж бодож байна уу. Тийм юм байдаггүй юм за юу. Та нар шиг юмнаас би амь гуйхгүй. Шалчигнах ч үгүй.Намайг яавал ч яагаарай ”

 

Гар утас: “Цензургүй яриа”-нд дурдаж байгаагаар “Цагдаагийнхан аль хэдийнэ үзлэг хийгээд явсаны дараа талийгаачийн машин дотроос нь буюу жолоочийн суудал голын хайцаг хоёрын завсраас гар утсыг нь аав нь олсон байна. Гар утсыг цэнэглэж үзэхэд маш ноцтой хоёр бичлэг олдсон бөгөөд бичлэгийг цагдаагийн байгууллагад хуулж өгчээ. Хамгийн эхлээд цагдаагийн байгууллага машин дотроос нэг гар утсыг нь олсон байна. Аавынх нь зүгээс талийгч хүүгийнхээ куртикны халаасанд эсвэл усанд өнөөх гар утсыг унасан байж магадгүй гэж бодож байжээ. Ингээд онцгойгийн алба хаагчдад утсыг заавал уснаас хайх ёстой гэж хэлж байжээ. Гэвч аав нь өөрөө машин дотроос утсыг нь олжээ” үүгээрээ тэд цагдаагийн байгууллага үзлэгийг учир дутагдалтай хийсэн гэдгийг хэлж байна.

УМБГ: Уг хэрэгт гадны шинжээчид хүртэл хамтран ажиллаж байгаа

УМБГ хийгээд ЦЕГ-аас хэргийн талаар холбогдох мэдээллийг нэг ч удаа өгөөгүй. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод олон нийтийн дунд янз бүрийн мэдээлэл тарсан учир тодорхой мэдээллүүдийг сэтгүүлчдэд өгсөн юм.

 

Халдагуудын талаар: Талийгаач Т.Лхагвасүмбэрэл өөрийн биеэр халдлагад өртсөн талаараа цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж байгаагүй.

 

Харин Ирвэс хамгаалах сангийн захиралдаа и-мэйл илгээж халдлагад өртсөнөө тайлбарлсан байгаа юм.

 

ИХС-гийн захирлын зүгээс өмнө нь ч мөн халдлагад өртсөн талаараа хэлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан учир энэ бүхнийг цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

 

Ингэхдээ “Манай сангийн хүн халдлагад өртжээ. Шалгаж өгөөч” гэсэн өргөдлийг анх өгсөн.

 

Хамгийн сүүлд хутгалуулсан гэх хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан.

 

Тодруулбал, 4 дүгээр сарын 30-ний өглөө Хүрэндаваа гэх даваагаар гарч ирэхэд үл таних маск зүүсэн хоёр залуу хутгалсан, цохисон, би зугтаагаад 30 км газар явж ирлээ хэмээн гэмтэл авчихсан ажил дээрээ ирсэн байдаг. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч уулзаж тайлбар авсан. Хэргийн үзлэг хийсэн. Тухайн аймгийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулан үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр тогтоогдохгүй байна гэж үзсэн.

 

Ингээд тэр үед тусгай үүргийн онгоцоор гэмтэл авсан түүнийг 4 сарын 30-нд Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт авчирч хагалгаанд оруулсан. Хэвлийдээ гурван шарх авсан бөгөөд 4,5 см гүнтэй шарх хэвлийн хөндийг нэвтэрсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Нийслэлийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хутгалагдсан хүн ирлээ” гэсэн дуудлагаар очиж тайлбар мэдүүлэг авсан. Эл асуудалд нь Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

 

Ийн хэргийг шалгаж байх хугацаанд 2015 оны 11 сарын 5-ны өдөр “Талийгаачийг алга боллоо” гэсэн асуудал анх яригдаж, төрсөн дүү, хамаатны ах нь цагдаад өргөдөл гаргасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс өргөдлийг хүлээж аваад талийгаачийг олох чиглэлээр найз нөхөд ажлын хамт олноос тайлбар мэдүүлэг авч эхэлсэн.

 

Өөрийгөө хутгалсан эсэх: Тийм мэдээлэл тараасан зүйл байхгүй. Өөрийгөө хутгалсан гэх асуудал өнөөдөр нотлогдож тогтоогдоогүй. Өмнөговь аймгийн цагдаа дээр хэргийг хэрэгсэхгүй болгох ямар нэгэн шийдвэр гараагүй. Ер нь бүх хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Дөрвөн үйлдэл дөрвүүлээ шалгагдаж, мөрдөн байцаалт үргэлжилж байна.

 

Шинжээчийн дүгнэлт: Гадны шинжилгээний байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Хууль заасан бүх эрх үүргийнхээ хэмжээнд бид бүхэн өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Цогцос яагаад далайн эргээс доошоо 4 метрийн гүнд байсан бэ гэдэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.Задлан шинжилгээгээр талийгаачийг живэлт буюу амьсгалын замд гадны биет шингэн зүйл орсон, хөнгөн зэргийн согтолттой байсан гэх шинжээчдын дүгнэлт гарсан. Өнөөдрийг хүртэл гэрчүүдээс мэдүүлэг авч мөрдөн байцаалт явагдаж байгаа. Ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоо ч гэсэн ажлын хэсгийн алба хаагчид орон нутагт томилолтоор ажиллаж байгаа.

 

Утасны бичлэгийг шинжээч нар:

 

Гар утас: Талийгаачийг хойд чиглэл буюу Хөвсгөл аймаг руу гарсан камерын бичлэг байсан. Энэ бүгдийг үндэслээд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдсон. Тэд ч ах дүү хамаатан садантайгаа ярьсаны үндсэнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрээс талийгаачийн машин байгааг эхэлж харж мэдээлсэн.

Энэ дуудлага 11 сарын 11-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт ирээд хэргийн газарт үзлэг хийсэн. Нийтдээ 1200 км газар явсан. Таван удаагийн камерын бичлэгт өртөж, 3-4 удаагийн камерын бичлэгт өөрөө машинаасаа бууж, суусан дүрс тодорхой үлдсэн. Үүнийг шинжлүүлэхээр өгсөн байгаа. Мөрөн сум руу ордог камерт бол талийгаачийн машин өртөөгүй. Мөрөн рүү орсон асуудал байдаггүй.

Цагдаагийн хэсгээс ахалсан бүрэлдэхүүн очиж үзлэг хийхэд машин олон хоног байсан болохоор гадна талд шороо тоос болсон байсан. Талийгаачийн цогцсыг аймгийн Онцгой байдалтай хамтарч Хөвсгөл далайгаас гаргаж авсан. Үзлэгээр талийгаачийн автомашинаас хоёр ширхэг гар утас хурааж авсан. Одоо яригдаж байгаа бичлэгтэй байсан гар утас мөрдөн байцаалтын явцад хураагдсан. Гар утсанд үзлэг хийгээд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Мөн автомашинаас 0,5 гр “Сархад” архи, ундаа гэх мэт эд зүйлс гарч ирсэн.

 

 

http://www.24tsag.mn