Өчигдөр буюу энэ сарын 14-нд УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийв.

Уг ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцсон гэдэг. Харин хөрөнгө “Сентерра гоулд Монголиа” компани нь 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлнө, 1000 орчим ажлын байр бий болох тооцоо бий.

Гэвч манай улс газар шороогоо ухуулж дөнхүүлчихээд эцэстээ юутай үлдэх вэ гэдгийг нэн түрүүнд бодолцох хэрэгтэй. Энэ ордыг ашиглахыг анх яригдсан цагаас нь эхэлж зарим гишүүд эсэргүүцэж байсан билээ. Өчигдөр ч тэд өөрсдийн байр сууриа илэрхийлж татгалзсан кнопыг дарсан юм. Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц. Даваасүрэн, Г.Уянга, Н.Батбаяр нар эсэргүүцэв. Тэд Гацууртын голын хүнцэлийн агууламж өндөр байгаа асуудлыг хөндсөн юм. Хүнцэл бол маш аюултай бодис. Энэ хортой бодис гар худагнаас, цаашлаад гүний худагнаас хүртэл илэрч байна. Хүнцэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд үнэхээр хүнд байдалд орно гэдгийг онцлон хэллээ.

Гэвч 57.7 хувийн саналаар дэмжсэн тул тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Д.Дэмбэрэл "ЗГ-ийг юу ч гэж хуурч мэднэ, итгэхгүй байгаа учраас дэмжихгүй"

 

 

 

Г.Уянга "Дампуурсан компанийг аврахын тулд Гацууртын ордын асуудлыг Засгийн газар лобидож оруулж ирж байгаад харамсаж байна"

 

"Гурван жилдээ ажилтай ч 30 жилдээ мөнгөн ус, химийн хорт бодисны хордлоготой, хорт хавдартай үлдэнэ"

Байгаль орчны хуульчдын холбоо, иргэний хөдөлгөөнийхөн зэрэг олон хүн уг ордыг ашиглуулахыг эсэргүүцэж байгаа билээ. Тэд өөрсдийн байр сууриа "Монголын төр нэг уулыг тусгай хамгаалалтанд аваад, хүн оруулахгүй байж чадахгүй болчлоо гэж үү. Тэр төмөр зам барих 10 мянган цэргээсээ 100 цэрэг аваачаад асуудлыг шийдэж болохгүй байв уу? Нинжа нарыг оруулж, хүний амь нас хохироход хүргэсэн нь тусгай зохион байгуулалттай үйлдэл байлаа. Энэ бол Монголын байгалийн баялаг, газар нутгийг гадныханд өгөх гэсэн хорт төлөвлөгөөний нэг л хэсэг байлаа. Эх орончдыг "цээжээ дэлдсэн" гэж гутааж, "эх оронч үзэл гэдэг бол адгийн новшнуудын сүүлчийн хоргодох байр" гэсэн хуурамч суртал явуулж, эх орноо хайрлах гэдэг бол шившигтэй ичгүүртэй зүйл мэтээр залуусын толгойг угаасаар ирлээ.

"Олон шинэ ажлын байртай боллоо" гэж ухуулж буй хүмүүст хэлэхэд, Гурван жилдээ ажилтай ч 30 жилдээ мөнгөн ус, химийн хорт бодисны хордлоготой, хорт хавдартай үлдэж, гол ус нь үүрд мөнхөд хордож, эцэг өвгөдийн түүх нь устаж баларсан хоцрoхоо мэдэж байна уу.

Өнөөдрийн үмх мах яахав, ядаж үр хүүхдээ бодох сэхээ байна уу даа, та минь ээ. Өнөөдөр Монгол улсын минь аюулгүй байдал, тусгаар тогтнол, ирээдүй хойч хутганы ирэн дээр иржээ. Бид эх орноо гэхээс ичээд, гутаад, гадныханд найр тавин ухуулаад суух аваас удахгүй гишгэх газар, уух ус, амьсгалах агаар үгүй үлдэх болно" хэмээн илэрхийлэв.